Эрүүл мэндийн шинэ сайд тушаал өгчээ
Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар, сайдын ажлын хамгийн эхний өдөр ЭМЯ-ны харъяа агентлагууд, Нийслэлийн эрүүл мэндийн газар, төв эмнэлгүүд, тусгай мэргэжлийн төвүүдийн удирдлага, ЭМЯ-ны газар хэлтсийн дарга нартай нээлттэй уулзалт хийж үүрэг даалгавар өгөв. Уулзалтаар эрүүл мэндийн сайд өөрийн ажиллах хугацаандаа салбарынхаа үйл ажиллагаанд баримтлах бодлого, чиглэлийн талаар товч мэдээлэв. 2012 оныг Эмнэлгийн тусламжийн чанарын жил болгож байгаатай холбогдуулан 2012 оны Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөнийг 2-р сарын 8, 9, 10-ны өдрүүдэд хийлгэхээр эрүүл мэндийн сайд тов тогтоож, холбогдох бэлтгэлийг хангуулах тушаал гарчээ.
Удирдах ажилтны зөвлөгөөнөөр сумдын эрүүл мэндийн төвийг хөгжүүлэх бодлого болон эмнэлгийн тусламж үйлчилгээний нэгдсэн бодлогыг боловсруулах, эмнэлгийн тусламжийн чанарын жилийн үйл ажиллагааг хэрхэн явуулах талаар хэлэлцэхээр төлөвлөж байгаа аж.
Түүнчлэн эмнэлгийн бие даасан үйл ажиллагааг хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор ЭМЯ-ны харъяа төв эмнэлгүүдийн Удирдах зөвлөлийг байгуулах, зарим эмнэлгийн нэршлийг үйл ажиллагаатай нь уялдуулан өөрчлөх ажлыг энэ долоо хоногт багтаан хийхээр Эрүүл мэндийн сайд үүрэг даалгавар өгөв.
Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар ЭМЯ-ны харъяа агентлагууд, Нийслэлийн эрүүл мэндийн газар, төв эмнэлгүүд, тусгай мэргэжлийн төвүүдийн удирдлага, ЭМЯ-ны газар хэлтсийн дарга нартай хийсэн нээлттэй уулзалтаараа эдгээр болон салбарын бусад тулгамдсан асуудлаар ярилцаж, санал бодлыг нь сонсов.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ