
УИХ дахь АН-ын бүлгийн хурал дөнгөж сая тарлаа. Бүлгийн хуралдааны эхэнд Зээлийн батлан даалтын тухай хуулийг хэлэлцэж, гишүүдийн олонхийн дэмжлэгийг авсан байна. Харин дараа нь УИХ-ын гишүүн Я.Батсуурь нарын найман гишүүн, Д.Одбаяр нарын дөрвөн гишүүний санаачилсан Тавантолгойн тогтоолын төсөлд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн байна. Дээрх хуулийн төслүүдэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны10 хувийг үндэсний аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр нь олгоно гэснийг иргэдэд дахин 536 ширхэг хувьцаа нэмж олгохоор тусгасан юм. Дээрх хуулийн төслийг хэлэлцэх үеэр 53 мянга гаруй аж ахуйн нэгж Монгол Улсад бүртгэлтэй байгаа. Үүний 23 мянга орчим нь татвар төлж, байнгын үйл ажиллагаа явуулдаг.Эдгээр 23 мянган аж ахуйн нэгжийг 2700 орчим иргэд эзэмшдэг гэсэн судалгааг төсөл санаачлагчид гаргасан байна. Тиймээс 2700 аж ахуйн нэгжийн эрх ашгийг бодох уу, 2.7 сая иргэний эрх ашигийг бодох уу гэдэг асуудал бүлгийн хуралдааны үеэр гишүүдийн зүгээс гарч, олонхийн саналаар дээрх хуулийн төслийг байнгын хороодоор хэлэлцүүлэх нь зүйтэй хэмээн үзсэн талаар УИХ дахь АН-ын бүлгийн ахлагч Ч.Сайханбилэг мэдээллээ. Түүнийг мэдээлэл хийсний дараа УИХ дахь АН-ын бүлэг Сонгуулийн тухай хууль дээр бүлэг ямар байр суурьтай байгааг тодруулахад “Манай намын бүлэг Сонгуулийн хуулийг цэвэр холимог тогтолцоогоор явах нь зүйтэй хэмээн үзэж байгаа. Харин тойрог нэмэх шаардлага гарвал нутаг дэвсгэрийн байршил, хүн амын төвлөрөл зэргийг харгалзан үзэж, тойрог хуваалт явуулах зүйтэй гэдэг дээр бүлгийн гишүүд санал нэгдсэн. Сонгуулийн тухай хуулийн зөвшилцөх ажлын хэсэгт багтсан МАН-ын бүлгийн гишүүдийн байр суурийг дараахи асуудлууд дээр сонссоны дараа ирэх мягмар, лхагва гаригийн аль нэгэнд манай бүлэг ээлжит бус хурал зарлаж, энэ асуудлыг хэлэлцэнэ” гэв. Яг одоо МАН бүлэг Сонгуулийн хуулийн төслийг хэлэлцэж байна.
С.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ