
Монгол Улсын Засгийн газраас УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд хэд хэдэн хуулийн төсөл өргөн барьжээ. Сангийн сайд Д.Хаянхярваа “Засгийн газарт Зарим эрхийг олгох тухай хуулийн төсөл, төсвийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох тухай” тогтоолын төслийг өргөн барьсан байна. 2012 оны Төсвийн тухай хуульд төсвийн байгууллагын албан хаагчдын цалинг дөрөвдүгээр сарын 1-нээс, тэтгэвэр тэтгэмжийг гуравдугаар сарын 1-нээс нэмэгдүүлэхээр заасан байсан.
Харин өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт, төгрөгийн ханшийн уналтаас шалтгаалан цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх хугацааг наашлуулах болон Монгол Улсын Тэргүүн шадар сайдын албан тушаал байхгүй болсонтой холбогдуулан зарим эрхийг шилжүүлэх тухай заалтыг хуулийн төсөлд тусгасан байна. Мөн төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор 300 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргах тухай тогтоолын төслийг өргөн барилаа.
Харин ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын сайд Ч.Хүрэлбаатар Монгол Улсын хуулиудад байгаа давхардлуудыг арилгах нэгдсэн зохицуулалттай болгох багц хуулийн төсөл, Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих, Худалдааны тухай, Статистикийн тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг өргөн барьжээ. Зарим хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай багц хуулийн төслөөр 38 хуулийн давхардал хийдлийг арилгах аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ