
Ардчилсан намын удирдлагууд сар бүрийн эхний долоо хоногийн пүрэв гаригт сэтгүүлчидтэй хийдэг “4.11” ээлжит уулзалтаа өнөөдөр Төрийн ордонд хийлээ. Тэд энэ удаагийн уулзалтаар АН-аас өнгөрсөн хугацаанд орон даяар зохион байгуулсан “Монгол хүн-2020” хэлэлцүүлгийн талаар мэдээлэл өгсөн юм.
Ардчилсан нам тус хэлэлцүүлгийг Монгол Улсынхаа 21 аймгийн бүх сум, баг, нийслэлийн есөн дүүргийн бүх хороонд амжилттай зохион байгуулж, монгол хүнээ эрүүл чийрэг, эрх чөлөө, эрдэм боловсрол, ажил орлого, аюулгүй орчинтой болгохын тулд юу хийх ёстойг иргэдийн санал санаачилгад тулгуурлан тодорхойлсон байна. Хэлэлцүүлэгт нийтдээ 60 мянга гаруй хүн оролцжээ.
Ийнхүү АН-ынхан үндэсний хэмжээнд зохион байгуулсан хэлэлцүүлгээ хааж, өнөөдрөөс эхлэн онлайн хэлбэрт шилжүүлж байгаагаа мэдэгдлээ. Цахим хэлбэрээр үргэлжлэх “Монгол хүн-2020” хэлэлцүүлэг нь өнгөрсөн хугацаанд санал бодлоо илэрхийлж амжаагүй болон гадаадад ажиллаж, амьдарч буй иргэдэд үгээ хэлэх боломж олгож байгаа аж. Түүнчлэн, “Монгол хүн-2020” хэлэлцүүлгээр дэвшүүлсэн дээрх таван зорилтын хүрээнд хамгийн оновчтой санал, шийдлийг санал болгосон иргэдийг долоо хоног бүр шалгаруулж, урамшуулахаар болсон байна. Энэхүү шалгаруулалтыг явуулахад намын удирдлага бус, хөндлөнгийн шинжээч, судлаачид үнэлэлт өгөх зарчмаар явагдана гэдгээрээ онцлогтой аж. Мөн өмнө нь эрдэмтэн судлаачдын дунд зарласан шилдэг бүтээлийн уралдаанд одоогийн байдлаар 30 гаруй бүтээл ирүүлсэн бөгөөд эдгээрээс эрүүл мэндийн салбарт чиглэсэн илтгэл, нийтлэл давамгайлж байгаа гэнэ.
Маргааш “Монгол хүн-2020” хэлэлцүүлгийн нэгдсэн тайланг хэлэлцэж, улмаар үндэсний хэмжээний хөгжлийн хөтөлбөр болгон боловсруулах Ерөнхий хороог 15 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулах болсноо АН-ын дарга Н.Алтанхуяг хэллээ. “Монгол хүн-2020” хөтөлбөр нь Монгол Улсын 2020 он хүртэлх хөгжлийн хөтөлбөр болох бөгөөд 2012-2016 он, 2016-2020 он гэсэн үндсэн хоёр үе шаттай байхаар тооцоолжээ. Энэ агуулгаараа “Монгол хүн-2020” хөтөлбөр нь Ардчилсан намын ирэх хоёр ч сонгуулийн мөрийн хөтөлбөр болох нь тодорхой боллоо.
АН-аас “Монгол хүн-2020” хэлэлцүүлгээс гадна “Эдийн засгийн хувьсгал эхэллээ” цуврал лекцийг зохион байгуулж байгаа. Тэгвэл энэ лекцийн зургаа дахь нь энэ сард уншигдаж, хаагдах бөгөөд ирэх гуравдугаар сард шилдэг илтгэл, лекцүүдээ орон нутгийн иргэдэд хүргэхээр төлөвлөсөн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ