
“Олны хүч оломгүй далай” нэртэй хандивын тоглолтыг энэ сарын 08-нд Монгол Бөхийн өргөөнд дуучин С.Жавхлан, Л.Болдбаатар, Л.Банзрагч, Д.Батбаяр, Н.Чулуунхүү, Г.Эрдэнэтунгалаг, Д.Бурмаа, Р.Дэлгэрмаа, Ж.Алтанцэцэг нар хамтран зохион байгуулж, буяны үйлд бусдыг уриалахаар шийджээ. Увс аймгаас гаралтай голдуу дуучид ийн хүчээ нэгтгэн хамтрах болсон шалтгаан нь Шанхай хотноо эдийн засгийн чиглэлээ суралцаж байсан оюутан 22 настай С.Эрдэнэсүх осолд орж хүнд гэмтэл аван эмчилгээний зардлаа төлж дийлэхгүйд хүрээд байгаатай холбоотой юм байна.
Эмчилгээний төлбөрт нийтдээ 30 гаруй сая төгрөг шаардлагатай байгаа бөгөөд сайн санаат түмэн олныг элэг нэгт залууд туслахыг хүсч, уг тоглолтыг Монголын Оюутны холбоо, Увс аймгийн Улаанбаатар дахь нутгийн зөвлөл, Тэс болон Түргэн сумын Улаанбаатар дахь нутгийн зөвлөлөөс санаачлан зохион байгуулахад дэмжлэг үзүүлж байгаа аж. Тоглолтын тасалбар 10 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд тасалбарыг худалдан авснаар Та сүүлийн үеийн шилдэг дуучдын уран бүтээлийг үзэн цэнгэхийн зэрэгцээ буяны үйлд хандив өргөх юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ