
Манай сайт У.Цэвэгмид эмчийн зөвлөгөөг хүргэж байгаа билээ. Уртнасангийн Цэвэгмид, АУ-ны доктор, ЭХЭМҮТ-н Хүүхдийн хүлээн авах Яаралтай тусламжийн тасагын эрхлэгч юм.
Тэрбээр охид бүсгүйчүүд ээж аавуудад зориулан зөвлөгөө өгөхөөр болоод байгаа билээ. Уншигч та Цэвэгмид эмчээс асуух асуулт байвал манай сайтын сэтгэгдэл үлдээх хэсэгт асуултаа үлдээнэ үү.
Эрүүл мэндийн салбарын статистик мэдээгээр Улаанбаатар хотод амьсгалын эрхтний өвчлөл жилээс жилд нэмэгдэж, Нийслэл хотод амьсгалын эрхтний өвчлөл нийт өвчлөлийн 23.4-24.4 хувийг эзэлж байна. Хүүхдийн өвчлөлийн ерөнхий бүтцэд амьсгалын эрхтний өвчлөл 1-р байр эзэлдэг бөгөөд агаарын бохирдол ихтэй газар түүний эзлэх хувь нэмэгдэж байна. Томуугийн үндэсний төвийн эмнэлэгт суурилсан тандалтын 12 нэгжийн хатгалгаатай өвчтөнөөс авсан вирүсийн сорьцийн мэдээгээр сүүлийн долоо хоногт 5 төрлийн вирүс илэрсэн байна.
Бокавирүсийн халдварыг (HBoV)
2005 онд нээж, илрүүлсэн. Энэ вирүсийн халдвар 9-11 саруудад, 1-3 насны хүүхдэд элбэг тохиолдоно. Хүүхэд өндөр халуурч, сульдах, дархлаа дарангуйлагдах шинжүүд тод илрэнэ. Амьсгал хямралын шинж давамгайлна, цэртэй ханиана, амьсгаадна. Залгиур улайна. Хоол боловсруулалтын хямрал 1/3-д илэрдэг онцлогтой.
Коронавирүсийн халдвар (HCoV).
Хүүхдэд коронавирүсийн халдвар хүндэрсэн тохиолдолд уушги цочмог гэмтэх хамшинж илэрч, амьсгалын хүнд дутагдал илэрнэ. Вирүс-нянгийн гаралтай уушгины өвөрмөц бус хатгалгаа үүсгэнэ. Уушгины эдэд сорвижилт өөрчлөлт үүсгэдэг учир эмнэлгээс гарсаны дараа өвчтөний биеийн байдал муудах шалтгаан болдог байна.
Респираторно-синцитиальны вирүсийн халдвар (RSV)
Хүүхдэд РС вирүсийн халдвар нь бөглөрөлтөт бронхит, бронхиолит хэлбэрээр хүндэрч амьсгалын дутагдалд хүргэдэг. Мөн дутуу нярай, уушгины дутуу хөгжилтэй, зүрхний гажигтай, уушгины архаг эмгэгтэй хүүхдүүд илүү өртөмтгий байдаг онцлогтой.
Томуугийн В вирүсийн халдвар
В вирүсийн томуу нь жилийн ямар ч үед тохиолддог. 1 – 3 хүртэлх насны хүүхдэд хүнд хэлбэрээр тохиолдох ба ерөнхий хордлогын шинж тод илэрч, салстууд улайх, ТМС-г хордуулж, менингоэнцефалитын шинжээр илэрнэ. Ихэвчлэн уушги гэмтэж, сахуулайн шинж, гуурсан хоолойн агчил давамгайлан илэрч, нянгийн халдвар хавсарснаар дунд чихний идээт үрэвсэл, голомтот хатгалгаагаар хүндэрнэ.
Энтеровирүсийн халдвар

Хүүхдийн хоолой, залгиурт янз бүрийн тууралт харагдана. Булчингаар өвдөнө. Мөчдөөр янз бүрийн хэмжээтэй, цусархаг тууралт гарна. Серозный менингит, энцефалит, миелитээр хүндэрнэ. Суулгалт хавсардаг онцлогтой.
Н.Ариунаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ