
Налайх дүүрэг дахь Хаан банкны салбарт гэмт этгээд халдаж галт зэвсгээр хоёр хүнийг шархдуулсан хэрэг өнөөдөр 11.00 цагийн орчим гарсан талаар манай сайт түрүүлж мэдээлсэн билээ. Эх сурвалжийн мэдээллийн мөрөөр Шууд телевиз, Шууд.мн сайтын сурвалжлах хэсэг хэргийн газарт 11.50 цагт Эрүүгийн цагдаагийн газрын бие бүрэлдэхүүнтэй зэрэгцэн очсон юм. Биднийг очиход тус дүүргийн цагдаагийн хэлтсийн ажилтнууд хэргийн газрыг хамгаалалтад авч, улаан тууз татан мөрдлөг хийж байв. Хэрэг явдал гарах үеэр Хаан банкаар үйлчлүүлж байсан иргэн М.Сайхантуултай уулзан эхний мэдээллийг авсан юм. Тэрбээр “Би 11.00 цагийн үед банкинд оюутан хүүхэд рүүгээ мөнгө шилжүүлэхээр зогсож байсан юм. Багцаалбал 11.10 цагийн үед банкны хоёр давхарт гэнэт буун дуу тас хийж хүн хашгирах чимээ гарсан. Төд удалгүй хамгаалалтын албаны залуу дээш хоёр давхар руугаа гарч, удалгүй биднийг заалнаас гарахыг шаардсан. Ямар ч байсан нэг хүн буудуулах чимээ гарна лээ. Хэсэг хугацааны дараа манай дүүргийн Түргэн тусламжийн машин ирээд эмэгтэй эрэгтэй хоёр хүнийг эмнэлэг рүү авч явж байгаа харагдсан. Буудуулсан хүмүүс амьд эсэхийг нь мэдэхгүй байна” гэв. Үүний дараа сурвалжлах хэсэг 12.10 цагийн үед тус дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн Мэс заслын тасгийг зорин очиход шархдсан өвчтөн яаралтай мэс засалд орсон байлаа.

Галт суманд өртөж шархдсан өвчтөний биеийн байдлын талаар тус дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн дарга Б.Өлзийсайханаас асууж тодруулсан юм.
-Галт суманд өртөж шархдсан хэдэн өвчтөн ирсэн бэ. Биеийн байдал нь ямар байна вэ?
-Өнөөдөр өглөө 11.00 цагийн үед манай дүүргийн Хаан банкинд хоёр хүн буудууллаа гэсэн дуудлага манай түргэн тусламжийн төвд ирсэн л дээ. Дуудлагын дагуу хэргийн газарт очиж, хохирогчдод анхны тусламж үзүүлэн, Налайх дүүргийн нэгдсэн эмнэлэгт авч ирлээ.
-Хохирогчдын биеийн байдал ямар байна вэ?
-Одоогоор хэвлийн тус газраа буудуулсан 30 гаруй насны эрэгтэйн биеийн байдал хүнд байна. Бууны сум хэвлийн тус газрыг нэвт гарсан тул цус ихээр алдаж байна. Бид Эрүүл мэндийн яам руу холбогдож яаралтай үед ашигладаг алсын түргэн тусламжийн баг дуудсан. Энэ багт багтсан нарийн мэргэжлийн дөрвөн хүн ирж, одоо мэс ажиллагаа хийж байна. Хагалгаа хэдэн цаг үргэлжлэх болон хагалгааны дараа ямар үр дүн, хүндрэл гарах эсэх талаар одоогоор хэлэх боломжгүй байна.
-Нөгөөх шархдсан өвчтөн нь мэс засалд орсон уу?
-Үгүй, тэр эмэгтэй гартаа хөнгөн зэргийн гэмтэл авсан, биеийн байдал нь харьцангүй гайгүй. Гэхдээ сандарсан байдалтай байна. Гартаа шарх авсан эмэгтэйд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, боолт хийн, оёдол тавьлаа.
Гэмт халдлагын үеэр галт суманд өртсөн эмэгтэй эрэгтэй хоёр эхнэр нөхөр хоёр байсан талаар тус эмнэлгийн хүлээн авах тасгийн хүлээлгийн өрөөнд сууж буй садан төрлийн ярианаас бид сонссон юм. Тэдний ярьж буйгаар нөхөр нь болох н.Батбаатар эхнэртэйгээ хот руу хамт явахаар болж ажлын газарт нь 10.00 цагийн үед ирэхэд нь дээрх халдлага гарчээ. Нөхөр нь эхнэр н.Туяагийнхаа ажлын өрөө рүү орох гэтэл хаалга нь дотроосоо түгжээтэй байсан тул мөрлөж ортол үл таних этгээд эхнэр рүү нь буу шагайсан байжээ. Сандарсан нөхөр эхнэрийнхээ урдуур гүйж ортол гэмт этгээд буудаж шархдуулсан байна. Зарим эх сурвалжийн мэдээллээр гэмт этгээд банкны салбарын хамгаалалтаар нэвтрэхдээ “Би сурвалжлагч байна. Мэдээ авъя” гэж орсон гэнэ.
Хэргийн талаар бид Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Энхбаяртай уулзаж албан ёсны мэдээллийг авсан юм.
-Энэ хэргийг ямар хүн үйлдсэн бэ?
-Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харъяат 26 настай Б гэх эрэгтэй урьдаас бэлтгэсэн байдлаар энэ хэргийг үйлдсэнийг урьдчилан тогтоогоод байна. Сэжигтэн Б дээрмийн ажиллагаагаа урьдаас бэлтгэн “Хаан” банкны Налайх дахь салбарыг сонгож улмаар хоёр хүн буудаж, хэргийн газраас зугтаасан. Тэрбээр Нарантуул захаас Налайх руу такси хөлсөлж ирсэн байна. Банк руу дайран орж, хоёр хүнийг буудаж, шархдуулсан ч хараахан мөнгө авч чадаагүй ажээ. Улмаар хотоос авч ирсэн таксигаа барьцаалан, замдаа бусдыг сүрдүүлэн Чех улсад үйлдвэрлэсэн ангийн зориулалтын карбин буугаа нуусан.
-Гэмт этгээдийг хаанаас баривчилсан бэ?
-Сэжигтэн Д-г Баянзүрх дүүргийн XI хороо буюу Төмөр замын нүхэн гарцын орчмоос баривчилж, аюулгүй болгосон. Сэжигтний хэргийн газраас зугтаж явахдаа нуусан бууг цагдаагийнхан шуурхай ажилласны үр дүнд олсон. Одоогоор үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна.
Түүнчлэн хамгийн сүүлд ирсэн мэдээллээр дээрмийн халдлага үйлдэж хоёр хүн шархдуулсан 26 настай Бат-Ялалт нь 2008 онд ХААИС-ыг Механик инженерийн мэргэжлээр төгссөн, гэр бүлтэй хоёр хүүхдийн хамт амьдардаг эрэгтэй байжээ. Тэрбээр эл халдлагыг олон өдрийн өмнөөс төлөвлөсөн бөгөөд хотоос алслагдсан дүүрэг болох Налайх дүүргийн сонгон өглөө 10 цагийн үед Нарантуул захаас такси хөлслөн дээрэм хийхээр гарчээ.
Одоогийн байдлаар түүнийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсээс Эрүүгийн цагдаагийн газар руу аваачин хорьсон байна.
Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2 буюу шунахай болон танхайн зорилготой хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдэхийг завдсан, түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147.3 буюу онц аюултай гэмт хэрэгтэн бусдын эд хөрөнгийг дээрэмдэх, уулгалан довтлох гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд үйлдсэн, энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол, бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэх үндэслэлээр буруутгажээ. Гэмт этгээд өмнө нь ял шийтгэл хүлээж байгаагүй аж.
Н.Түвшин, Н.Ариунаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ