
Налайх дүүрэг дахь Хаан банкны салбарт дээрмийн халдлагад өртсөн хохирогч Б мэс ажилбарын дараагаар өчигдөр 18.40 цагийн үед амьсгал хураажээ. Талийгаач хэвлийн тус газраа нэвт буудуулсан, бөөр нь гэмтэж, их хэмжээний цус алдалттай тус дүүргийн эмнэлэгт өчигдөр 11.40 цагийн орчин хүргэгдэн ирсэн юм.
Талийгаачид алсын түргэн тусламжийн нарийн мэргэжлийн эмч нарын баг яаралтай мэс ажилбар хийсэн боловч галт сумны шарх маш хүнд байсан учраас хагалгааны дараах хүндрэлийг даалгүй нас барсан байна. Тус халдлагын үеэр галт суманд өртөж гэмтсэн эмэгтэйн биеийн байдал дунд зэрэг байна гэсэн мэдээллийг Налайх дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн дарга, их эмч Б.Өлзийсайхан өглөө.
Хэргийн талаар нэхэн сануулбал өчигдөр 11.00 цагийн орчим Налайх дүүргийн Хаан банкинд гэмт этгээд халдаж галт зэвсгээр хоёр хүнийг шархдуулсан хэрэг гарлаа гэсэн мэдээлэл манай сайтад ирсэн билээ. Мэдээллийн мөрөөр манай сурвалжлах хэсэг хэргийн газарт очсон юм. Биднийг очиход тус дүүргийн цагдаагийн хэлтсийн ажилтнууд Хаан банкыг хамгаалалтад авч, улаан тууз татан үзлэг шалгалт хийж байсан юм.
Тухайн үед хэргийн газарт байсан гэрчүүд болон цагдаагийн газраас өгсөн албан ёсны мэдээллээр гэмт халдлагыг Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харъяат 26 настай Б гэх эрэгтэй урьдаас бэлтгэсэн байдлаар энэ хэргийг үйлдсэнийг урьдчилан тогтоолоо гэсэн. Сэжигтэн Б дээрмийн ажиллагаагаа урьдаас бэлтгэн “Хаан” банкны Налайх дахь салбарыг сонгож улмаар хоёр хүн буудаж, хэргийн газраас зугтаасан аж.
Тэрбээр Нарантуул захаас Налайх руу такси хөлсөлж ирсэн байна. Банк руу дайран орж, хоёр хүнийг буудаж, шархдуулсан ч хараахан мөнгө авч чадаагүй ажээ. Улмаар хотоос авч ирсэн таксигаа барьцаалан, замдаа бусдыг сүрдүүлэн Чех улсад үйлдвэрлэсэн ангийн зориулалтын карбин буугаа замдаа хаяад зугтаж явахад нь Баянзүрх дүүргийн XI хороо буюу Төмөр замын нүхэн гарцын орчмоос баривчилж, аюулгүй болгосон байна. Сэжигтний хэргийн газраас зугтаж явахдаа нуусан бууг цагдаагийнхан шуурхай ажилласны үр дүнд олсон юм.

Түүнчлэн хамгийн сүүлд ирсэн мэдээллээр дээрмийн халдлага үйлдэж хоёр хүн шархдуулсан 26 настай Бат-Ялалт нь 2008 онд ХААИС-ыг Механик инженерийн мэргэжлээр төгссөн, гэр бүлтэй хоёр хүүхдийн хамт амьдардаг эрэгтэй байжээ. Тэрбээр эл халдлагыг олон өдрийн өмнөөс төлөвлөсөн бөгөөд хотоос алслагдсан дүүрэг болох Налайх дүүргийн сонгон өглөө 10 цагийн үед Нарантуул захаас такси хөлслөн дээрэм хийхээр гарчээ.
Одоогийн байдлаар түүнийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсээс Эрүүгийн цагдаагийн газар руу аваачин хорьсон байна.
Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2 буюу шунахай болон танхайн зорилготой хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдэхийг завдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147.3 буюу онц аюултай гэмт хэрэгтэн бусдын эд хөрөнгийг дээрэмдэх, уулгалан довтлох гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд үйлдсэн, энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол, бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэх үндэслэлээр буруутгажээ.
Гэмт этгээд өмнө нь ял шийтгэл хүлээж байгаагүй аж.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ