Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар УИХ-ын 39 дүгээр тогтоолыг баталсан. Өнгөрсөн хугацаанд иргэдэд эзэмшүүлэх 10 хувийн хувьцааг 20 хувьд хүргэж иргэн бүрт 1072 ширхэг хувьцаа олгохоор болж уг тогтоолд өөрчлөлт оруулах гэж байна. 39 дүгээр тогтоолд оруулж байгаа өөрчлөлтөөр иргэн хувьцаагаа авах эсвэл нэг сая төгрөгөөр Засгийн газар худалдах гэсэн сонголтын аль нэгийг нь сонгох болж байгаа юм. УИХ-аас байгуулагдсан ажлын хэсгийн энэ саналыг АН-ын голдуу гишүүд дэмжихгүй байгаа. Энэ талаар уг ажлын хэсгийг ахалж байгаа УИХ-ын гишүүн С.Бямбацогттой ярилцлаа.
-УИХ-ын 39 дүгээр тогтоолд оруулж буй өөрчлөлт анхнаасаа барьж байсан зарчмаасаа нэлээд хазайсан, үндсэн үүргээ үгүйсгэсэн боллоо гэсэн шүүмжлэл байна?
-Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар УИХ-ын 39 дүгээр тогтоолыг 2010 оны долдугаар сарын 7-нд УИХ-аас баталсан. Энэ тогтоолд Монгол Улсын иргэн бүрт Эрдэнэс Тавантолгойн компанийн хувьцааны 10 хувийг үнэ төлбөргүй ижил тэнцүү хэмжээгээр эзэмшүүлэхээр заасан. Мөн 10 хувийг нь 2010 оны зургадугаар сарын 30-ны өдрөөс өмнө байгуулагдсан үндэсний аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр нь худалдахаар заалтууд оруулсан. УИХ-ын гишүүн Д.Одбаяр, Б.Батбаяр нарын гишүүд аж ахуйн нэгжүүдэд худалдах 10 хувийн хувьцааг иргэддээ нэмж олгож 20 хувь болгох тогтоолын төслийг санаачилсан. Энэ саналыг УИХ-ын хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг байгуулсныг ахалж ажиллаж байна. Ажлын хэсэг нэлээд хугацаанд иргэний хөдөлгөөн, төрийн байгууллага, мэргэжлийн байгууллагын саналыг сонсож байж 39 дүгээр тогтоолын өөрчлөлтийг бэлэн болгосон. Иргэдэд эзэмшүүлэх 10 хувийг 20 хүртэл хувийг гэж өөрчилье. Яагаад гэхээр бүх иргэн хувьцаа эзэмшихгүй болж байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настан, оюутнууд 2008 оны сонгуулийн амлалт болох 1,5 сая төгрөгөөр бэлнээр нь авах нөхцөл нь бүрдсэн. Тиймээс бусад иргэн авч амжаагүй байгаа нэг сая төгрөгтэйгөө тэнцэх хувьцаа эсвэл бэлэн мөнгөө авах эсэхээс сонголтоо хийхээр уян хатан шийдэж байгаа. Өөрөөр хэлбэл хувьцаа эзэмших нь хувьцаагаа авах, бэлэн мөнгө хэрэгтэй гэж үзвэл хувьцаагаа Засгийн газарт нэрлэсэн үнээр нь худалдаад нэг сая төгрөгөө авах юм.
-Тэгэхээр аж ахуйн нэгжүүд иргэдийн нэг сая төгрөгтэйгөө дүйцүүлэн худалдсан хувьцааг л худалдах авах болж байна. Маш бага хэмжээний хувьцаа аж ахуйн нэгжүүдэд хүрнэ гэсэн үг үү?
-Аж ахуйн нэгж байгууллагууд бид улсдаа татвар төлдөг, ажлын байр бий болгодог, Монгол Улсын төсөвт орлого оруулдаг. Тэгэхээр биднийг төр засаг харж үзээчээ. Тавантолгойн хувьцаанаас нэрлэсэн үнээр нь хувийн хэвшлийнхэн худалдах саналаа хэвээр үлдээгээч гэсэн санал ихээр ирсэн. Мөнгөө авъя гэсэн иргэдээс авсан хувьцаагаа аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр нь худалдах замаар хувийн хэвшлийнхний саналыг дэмжье гэсэн заалт оруулсан байгаа. Тэгэхээр тогтоолд өөрчлөлт оруулахаар санал боловсруулсан гишүүдийн анхны санал өөрчлөгдөөгүй байх. Тавантолгойн ордыг хурдан эргэлтэд оруулъя. Энэ ордын хувиас иргэн бүр аж ахуйн нэгжүүддээ ижил тэнцүү хэмжээгээр эзэмшүүлэхээр болсон. Мөн стратегийн орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар эх орны хувь хишиг олгох 1,5 сая төгрөгтэй тэнцэхүйц хэмжээний хувь хишиг олгоно гэсэн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь энэ тогтоолоор хангагдаж байгаа.
-Нэрлэсэн үнэ гэж байна. 1072 ширхэг хувьцаагаа ав эсвэл нэг сая төгрөгөө ав гэсэн сонголт байна. Тэгэхээр 1072 ширхэг хувьцаа нэг сая төгрөг юм бол нэг ширхэг хувьцааны нэрлэсэн үнэ 900 гаруй төгрөг болж байна. Гэтэл хувьцааны нэрлэсэн үнийг зах зээл, худалдан авагч тогтоодог байтал УИХ-аас тогтоогоод өгч байгаа хэрэг юм биш үү?
-УИХ-ын 39 дүгээр тогтоолд хувьцааны 10 хувийг иргэддээ үнэ төлбөргүй эзэмшүүлэх, 10 хувийг нэрлэсэн үнээр худалдах гэж орсон байгаа. Энд нэрлэсэн үнийг тодорхой заачихсан зүйл байхгүй. Харин Засгийн газар тогтоолыг хэрэгжүүлэх явцдаа иргэн бүрт 536 ширхэг хувьцаа эзэмшүүлсэн байгаа. Дээрээс нь бид энэ хувьцаа нэг сая төгрөгтэй тэнцэх хэмжээний байх болох юм гэж байгаа. Энэ нь нэрлэсэн үнийг тогтоогоод байна гэсэн асуудал үүсгэж байна. УИХ-ын тогтоолд нэрлэсэн үнэ тэд байна. Нэг аж ахунй нэгжид тэдэн ширхэг хувьцааг нэрлэсэн үнээр нь худалдана гэсэн заалт байхгүй. Тэгэхээр УИХ-аас хувьцааны нэрлэсэн үнийг тогтоосон зүйл биш.
-УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулж иргэн бүртээ 1072 ширхэг хувьцаа олгох гэсэн биш энэ нь эргээд сонгуулийн амлалт биелүүлэх аргыг гаргаж өгөх хэрэгсэл болоод байна. Зөвхөн сонгуулийн амлалтаа биелүүлэх үүднээс энэ асуудалд хандаж байна гэж шүүмжилж байна?
- МАН, АН-ын мөрийн хөтөлбөрийг биелүүлэх гэж улстөржиж хандаагүй. Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон зорилтыг хэрэгжүүлэх, баялгаа эдийн засгийн эргэлтэл оруулахдаа иргэн бүрт хувь хишиг хүртээж хувьцаа эзэмшүүлье зорилгоор өөрчлөлт оруулж байна.
-Иргэн хувьцаа бус бэлэн мөнгө авъя гэвэл Засгийн газартаа нэрлэсэн үнээр нь худалдана. Засгийн газар иргэдээс худалдаж авсан хувьцаагаа аж ахуйн нэгжүүдэд нэрлсэн үнээр нь худалдана гэж байна. Тэгэхээр л нэрлэсэн үнийг нь тогтоочихоод байгаа юм биш үү?
-УИХ-ын тогтоолын өөрчлөлт батлагдсан дараа Засгийн газар хэрэгжүүлэхийн тулд тогтоолоо гаргана. Яам, агентлаг нь журмаа гаргаж хэрэгжүүлнэ. Үүний дараа хөрөнгийн зах зээлд IPO хийнэ. Тухайн үед Засгийн газар ямар тооцоо судалгаа үндэслэлээр нэрлэсэн үнээ хэдээр тогтоох, хэчнээн хүнд хувьцаа эзэмшүүлэх гэдгээ шийднэ. Тэгэхээр тогтоолыг хэрэгжүүлэх явцад нэрлэсэн үнэ гэдэг нь шийдэгдэнэ гэсэн үг.
Б.Ургамал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ