
“Би сурвалжлагч байна. Захирлаас чинь тодруулга авах гэсэн юм” хэмээн банкны хамгаалалтыг нэвтэрч хүний амь бүрэлгэсэн хэрэг өнгөрөгч долоо хоногийн сүүлээр гарч олныг цочроов.
Их хэмжээний мөнгө олох гэж дээрэм хийсэн тухайгаа мөрдөн байцаагчид өчсөн 26 настай Алтансүхийн Бат-Ялалтын гэрийг манай сурвалжлах баг өчигдөр 12.25 цагт зорин очлоо.
Тэрбээр Сонгинохайрхан дүүргийн нэгэн байранд эхнэр, хоёр охины хамт амьдарч байжээ.
12.30: Орц нь анир чимээгүй, нам гүмхэн. Гадаа тачигнасан хүйтэн болоод ч тэр үү байрнаас гарч орох хүн цөөн. Бидний уулзсан эхний хүн тус байрны жижүүр 40 настай эрэгтэй Б байв. Түүний хэлснээр уржигдар үдийн 15.00 цагийн үед цагдаагийн хоёр ажилтан тус байрны оршин суудаг айлд ирсэн гэнэ.
Тэд А.Бат-Ялалтын хаалгыг тогштол 6-7 орчим насны охин хаалга тайлж өгсөн байна. Мөрдөн байцаагч нар “Том хүн байна уу ” гэж асуухад охин ганцаараа байгаагаа дуулгажээ. Төд удалгүй цагдаа нар ээжтэй нь утсаар холбогдож орой дахин ирэх боллоо гээд гарч явсан байна.
Тэр үед Б-ын ажигласнаар нөгөөх айлын хананд эхнэр нөхөр хоёр охинынхоо хамт авахуулсан гэрэл зураг өлгөөстэй байсан гэнэ. Орцны жижүүр иймэрхүү мэдээллийг өгөв. Үүний дараа бид тус байрны найман давхарт байрлах хүрэн төмөр хаалгыг хагас цаг хиртэй тогшлоо. Эзэнгүй бололтой. Зэргэлдээ айлууд ч хаалгаа тайлсангүй. Төд удалгүй шатаар хөлийн чимээ сонсогдож 30 гаруй насны эрэгтэй гарч ирэв. Түүнээс зарим нэг зүйлийг асуулаа.
-Та энэ байрны оршин суугч уу?
Тийм, юу гэж?
-Энэ тоотод амьдардаг айлд би ирсэн юм. Та энэ айлын эзнийг таних уу?
-Аан, А.Бат-Ялалтынх уу. Шоронд орчихсон юм биш үү. Банк дээрэмдэж хүн буудсан гэж сонссон.
-Хэр дотно танил вэ?
-Сайн танихгүй ээ. Хоёр хоногийн өмнө шиг санаж байна. Өглөөний 08. 00 цагийн үед байх. А.Бат-Ялалт орцны гадаа тамхи татаад нааш цааш холхиод байсан шүү дээ. Би түүнийг хүн хүлээж байна даа гэж бодсон.
-
Тэгээд хүн ирж уулзсан уу. Хэр удаан байсан юм бэ?
-Мэдэхгүй. Би цонхоороо л хальт харсан.
-Тэр архи уудаг байсан уу. Хаана ажилладаг юм бол?
- Согтуу байхыг нь хараагүй. Хаяа тоглоом тоглодог гэж нэг удаа ярьж байсан. Шөнийн цэнгээний газар хамгаалагч хийж байсан гэнэ лээ. Яг хаана ажилладаг эсэхийг нь мэдэхгүй.
-
Мөрийтэй тоглоом уу?
-Мэдэхгүй, Та өөрөө юун хүн бэ?
14: 45 Тэрбээр намайг сурвалжлагч гэж мэдмэгц дахин асуултад хариулахгүй бушуухан явж одов. Түүнээс хойш цаг хиртэй хаалгыг сахисан боловч хэн ч ирсэнгүй. Дахин орцны жижүүртэй уулзахаар очтол жижүүр ч хаалгаа цоожлоод алга болсон байв. Ойр орчныг нь ажиглатал хаалган тус газарт цахилгааны төлбөрөө хугацаанд төлөөгүй оршин суугчдын жагсаалт наасан харагдана. Тэрхүү жагсаалтад Х.Бат-Ялалтын нэр байсангүй. Харин байрны төлбөрөө хугацаанд нь төлдөг цөөн хэдэн айлын тоонд тэднийх багтсан байв.
17: 10 Орцоор хаа нэг орж ирэх хүмүүсээс А.Бат-Ялалтын тухай асуусан боловч хүмүүс их л болгоомжилсон аятай “Танихгүй, мэдэхгүй” гэж толгой сэгсэрсээр оройтой золгов. Байрны ойролцоох хүнсний дэлгүүр ч олон хүнд үйлчилдэг гэсэн шалтаг хэлж түүнийг бас л танихгүй царайлав. СӨХ ч амралтын өдөр тул хүнгүй. Зарим эх сурвалжийн өгсөн мэдээллээр А.Бат-Ялалт нь 2008 онд ХААИС-ын Механик инженерийн ангийг төгссөн ч мэргэжлээрээ огт ажиллаагүй гэнэ. Бид эзэнгүй хаалгыг орой хүртэл сахиснаар ажлын зүг буцлаа.
Гурав хоногийн өмнөх дээрмийн халдлага

Редакцийн утас өнгөрөгч баасан гаригийн 11.10 цагийн үед хангинаж баттай эх сурвалж Налайх дүүргийн Хаан банкинд буутай дээрэмчин дөнгөж сая гурван хүнийг буудчихлаа гэсэн мэдээллийг өгсөн юм. Манай сурвалжлах баг 11.40 цагт хэргийн газарт очиход тус дүүргийн арав гаруй цагдаагийн албан хаагч банкийг хамгаалалтад авсан, банкны хоёр давхрын цонх бууны суманд оногдож хагарсан байв.
Тухайн үеийн мэдээллээр бол тус банкны захирал Г.Туяа нөхөр Ч.Батбаатарын хамт хот руу явахаар төлөвлөж байжээ. Гэтэл 11.00 цагийн үед өндөр биетэй залуу “Би сурвалжлагч байна. Захирлаас тань тодруулга авья” гэж хэлээд хамгаалалтыг нэвтэрч улмаар захирлын өрөөнд орж ханцуйнаасаа тайрсан буу гаргаж ирэн мөнгө өгөхийг шаардан буу тулгасан байна.
Энэ үед захирал эмэгтэйн нөхөр болох Ч.Батбаатар эхнэрийнхээ урдуур гүйн орж буудуулан шалан дээр унажээ. Тэр үед хэрэг гарсан өрөөнд байсан бас нэг эмэгтэй ч бууны суманд өртөж гартаа гэмтэл авчээ.
Дээрмийн халдлага хийсэн залуу Нарантуул захаас хөлсөлж ирсэн ногоон өнгийн 50-45 УНС улсын дугаартай “Аксент” маркийн машины жолоочийг барьцаалан хэргийн газраас зугтаасан юм. Энэ үед банкны ажилтнууд түргэн тусламж, цагдаагийн хэлтэст дуудлага өгснөөр галт суманд өртөж их хэмжээний цус алдсан Ч.Батбаатар эмнэлэгт хүргэгдэж мэс засалд оржээ.
Үүнтэй зэрэгцэн цагдаагийн ажилтнууд дээрэмчнийг эрэн сурвалжилж Баянзүрх дүүргийн XI хороо буюу Төмөр замын нүхэн гарцын орчмоос 11.50 цагийн үед баривчилж, аюулгүй болгосон. Сэжигтний хэргийн газраас зугтаж явахдаа нуусан бууг цагдаагийнхан шуурхай ажилласны үр дүнд олжээ. Сэжигтэн
Чех улсад үйлдвэрлэсэн ангийн зориулалтын карбин буугаар хүний амь хөнөөжээ.

Халдлагын талаар тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Энхбаяр сэтгүүлчдэд эхний мэдээллийг өгсөн юм. Албаны эх сурвалжийн мэдээллээр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харъяат 26 настай Б гэх эрэгтэй урьдаас бэлтгэсэн байдлаар дээрмийн хэргийг үйлдсэнийг урьдчилан тогтоогсон гэл ээ.
Сэжигтэн Б дээрмийн ажиллагаагаа урьдаас бэлтгэн “Хаан” банкны Налайх дахь салбарыг сонгож улмаар хоёр хүн буудаж, хэргийн газраас зугтаасан.
Тэрбээр Нарантуул захаас Налайх руу такси хөлсөлж ирсэн байна. Банк руу дайран орж, хоёр хүнийг буудаж, шархдуулсан ч хараахан мөнгө авч чадаагүй. Улмаар хотоос авч ирсэн таксигаа барьцаалан, замдаа бусдыг сүрдүүлсэн хэргийг ч давхар үйлдсэн гэсэн юм. Барьцаалагдсан таксины жолоочийн хэлснээр хэрэгтэн зугтаж явахдаа "Би хүн буудчихлаа гээд уйлсан" гэж ээ.
Хохирогч амьсгал хураав

Энэ үеэр халдлагад өртсөн өвчтөний биеийн байдлын талаар Эрүүл мэндийн нэгдлийн дарга Б.Өлзийсайханаас тодруулахад “Өнөөдөр өглөө 11.00 цагийн үед манай дүүргийн Хаан банкинд хоёр хүн буудууллаа гэсэн дуудлага манай түргэн тусламжийн төвд ирсэн л дээ.
Дуудлагын дагуу хэргийн газарт очиж, хохирогчдод анхны тусламж үзүүлэн, Налайх дүүргийн нэгдсэн эмнэлэгт авч ирээд яаралтай мэс засал хийж байна” гэсэн мэдээллийг өгсөн юм.
Түүнчлэн шархдсан өвчтөнд нарийн мэргэжлийн эмч нараас бүрдсэн алсын түргэн тусламжийн багийн таван эмч тухайн өдөр Ч.Батбаатарт мэс засал хийсэн нь харамсалтай нь зургаан цаг үргэлжилсэн мэс заслын дараа өвчтөн амьсгал хураалаа гэсэн харамсалтай мэдээг эмч нар өглөө. Ар гэрийхний яриагаар талийгаач 36 настай, эхнэр, гурван хүүхдийн хамт амьдарч байсан гэнэ.
Шинэчилсэн мэдээллээр Х.Бат-Ялалтыг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсээс өнгөрөгч баасан гаригийн оройн 19.20 цагт Улсын мөрдөн байцаах газарт авчирсан байна.
Төд удалгүй прокурор таслан сэргийлэх арга хэмжээг үйлдэж гурван зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэснээр шөнөдөө багтаан Цагдан хорих анги руу ачжээ. Түүнд хүнийг санаатай алсан, галт зэвсэг хэрэглэж дээрмийн халдлага үйлдсэн, бусдыг сүрдүүлсэн, хэргийн газраас оргон зайлсан гэм буруутайд
тооцон сэжигтнээр татсан байна. Одоогоор түүнээс эхний мэдүүлгүүдийг мөрдөн байцаагч авчээ.
Н.Түвшин, Н.Ариунаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ