
Өнгөрөгч долоо хоногийн хувьд улстөр, нийгэм эдийн засгаар үйл явдал өрнөсөн цаг хугацааг үл анзаарч өнгөрүүллээ. МАН-ын Бага хурал хуралдаж 2031 он хүртэл Монгол Улсыг хөгжүүлэх хөтөлбөр боловсруулснаа хэлэлцэж баталлаа. Хамтрагчаа салж дангаар байгуулах Засгийн газраа төвхнүүлсэн МАН-ын Бага хурал олны анхаарлыг татаж байв.
Энэ хурлаар хамтарсан Засгийн газрын ажлыг дүгнэх, гүйцэтгэх засаглалд орж ажилласан сайд нар ажлаа тайлагнах байх гэж харж байсан ч тийм зүйл болсонгүй. Өөрөөр хэлбэл, хэдхэн хоногийн өмнө хуралдсан АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны хурал шиг халуухан мэтгэлцээн болсонгүй. "Ард түмнээ сонсъё" аяны үр дүнд 2012-2031 он хүртэл Монгол Улсын хөгжүүлэх "Ард түмний хөгжлийн хөтөлбөр" боловсруулснаа хэлэлцсэн. Хөтөлбөрийн эхний дөрвөн жилийн ойрын хугацааныхыг энэ жилийн сонгуулийн мөрийн хөтөлбөр байх болно гэдгээ хэлсэн нь тус намд сонгуульд ямар тактикаар оролцох нь тодорхой боллоо.
Мөн Засгийн газарт дэд сайдаар томилогдсон Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Цогтбаатар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд П.Ганхуяг, Зам, тээвэр, барилга хот байгуулалтын дэд сайд Б.Цэнгэл нарыг Бага хурлын гишүүнээр сонгож Бага хурлаа өндөрлүүллээ. Их хүлээлт бий болгосон хурал ийм аядуу болсон нь бас нэг тактик байсан гэх. Мөрийн хөтөлбөрийнхөө үүцийг задалсан ч нарийн зүйлээ дараагийн Бага хурлаар шийдэх хэрэгтэй гэж үзсэнтэй холбоотой аж.
Сөрөг хүчний үүргээ гүйцэтгээд удаагүй байгаа АН-д шинэхэн жигүүр ургаж албан ёсоор фракци болж байгаа зарласан. "Шонхор" гэх фракцийг УИХ-ын гишүүн З.Энхболд ахалж байгаа аж. Ардчилсан хүчний холбооныхон чуулж улс орныхоо хөгжил, шударга ёсны төлөө ажиллах хөтөлбөр боловсруулсан улстөрийн хүчин, улстөрч хэнийг ч нам харгалзахгүй дэмжиж ажиллана гэж байгаа. Тэгвэл МАН-ын дэргэд байгуулагдсан "Ардчилал" клуб мөн л намын харъяалал харгалзахгүй хамтарч ажиллана гэж байгаа. Ийнхүү улстөрийн намууд сонгуулийн бэлтгэлдээ орж улс орноо хөгжүүлэх мөрийн хөтөлбөрөөрөө өрсөлдөж байхад нийгэмд айдас хуруулсан гэмт хэргүүд шил шилээ даран гарлаа.
Монголбанкны Валют эдийн Засгийн газрын Эрдэнэсийн сангийн гурван ажилтан Ганц худагт хоригдлоо. Эх сурвалжийн мэдээллээр Монголбанкнаас экспортолсон алтны сорьц нь дэлхийн зах зээл дээр чанартаа хүрэхгүй дутсан зөрчил илэрсэн учраас тус банкнаас сорьц дутсан асуудлыг шалгуулах хүсэлтийг Прокурорын газарт тавьснаар энэ дуулиан дэгдсэн. Монгол Улсынхаа эрдэнэсийн санд шунахайн сэдлээр гар дүрсэн энэ хэргийг үргэлжүүлэн шалгаж байна. Эдгээр этгээдүүд нийт 20 орчим км алтыг ийм аргаар завшсан нь тогтоогдоод байгаа юм. Өмнөх долоо хоногт Дархан-Уул аймагт муу бүхэн нүүрлэж байсан бол өнгөрсөн долоо хоногт Налайх дүүрэг аймшигт хэргийн гаралтаараа олны анхаарлыг татлаа.
Уурхайд осол гарч хоёр хүн нас барж нэг хүн гэмтсэн. Энэ мэдээний дараа удалгүй тус дүүрэг буун дуу гарч хоёр хүн хүнд шархдсан байна. "Хаан" банкны салбарын захирлын өрөөнд буу агссан этгээд дайран орж эхнэр нөхөр хоёрыг буудсан. Өмнө нь кинон дээр л буутай дээрэмчин банкинд халдаж байхыг харж байсан нь бодитоор нүүрлэсэн нь аймшигтай байлаа. Халдлага үйлдсэн гэмт этгээдийг цагдаагийнхан хэрэг гарснаас 30 минутын дараа баривчилсан ч нэг хохирогч нас барсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ