Нарантуулын галын аюулгүй байдалд “дүн” тавина

img

Нийслэлийн Онцгой байдлын газрын албан хаагчид өнөөдөр Нарантуул худалдааны төв дээр ажиллаж байна.  Энэ үеэр тус худалдааны төвд үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд галын аюулгүй байдал ямар байгааг шалгаж, зөрчил дутагдлыг арилгуулж, шаардлагатай тохиолдолд хэсэгчилэн болон  бүхэлд хаах хүртэл арга  хэмжээ авна гэдгийг албаныхан мэдэгдсэн юм. Нийслэлийн Онцгой байдлын 2011 оны судалгаагаар Баянзүрх дүүрэгт нийт гал түймрийн 4/1 хувь нь  гарсан аж.  Иймд Нийслэлийн Засаг даргын захирамжаар тус дүүрэгт үйл ажиллагаа эрхэлдэг томоохон аж ахуйн нэгжид хяналт шалгалт хийхээр болсон байна. Биднийг Нарантуул зах дээр хүрч очиход  нийслэлийн Онцгой байдлын болон Баянзүрх, Сонгино хайрхан дүүргийн онцгой байдлын хэлтэсийн 150 гаруй албан хаагчид хяналт шалгалтыг хэрхэн явуулах талаар зааварчилгаа авч байв. Шалгалтынхан тус  худалдааны төвийн Хүнсний зах, Гэр ахуй, електрон барааны дэлгүүр зэрэг худалдаа наймаа эрхлэгчдийн төвлөрөл ихтэй газруудад шалгалт хийсэн юм.  Хүнсний захад ороод хамгийн түрүүнд VI  дугаартай цайны газарт орж шалгав. Тус цайны  газарт цахилгааны утсыг ус, уурнаас хамгаалсан  хаалт байхгүй, 2-3 плитка зэрэг ажлуулсан,  галын хор нь хугацаа дууссан зэрэг зөрчил илрэв.  Дараагийн цайны газруудад ч мөн адил цахилгааны үүсгүүрийн дор хоол хийдгээс  уур савсаж, тог цохих, утас гэмтэж гал гарах аюултай орчин бүрдсэн нь харагдаж байсан. Нийслэлийн Онцгой байдлын газраас нийтийн хоолны үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж нь зах, худалдааны төв зэрэг хүн ард олноор зорчдог газарт газ ашиглан хоол  хийхийг хориглосон  аж. Гэвч ихэнх цайны газрууд нь  газ ашиглахыг хориглосон тухай сонсоогүй гэсэн бол зарим нэг нь гал унтраах хөөсийг шаардлагатай үед хэрхэн ашиглах тухай, анхан шатны мэдлэггүй  байв. Дээрх  зөрчил илэрсэн цайны газруудад зөрчлөө арилгахыг сануулсан баримт үлдээсэн бөгөөд биелэлтийг 14 хоногийн дараа ирж шалгана гэдгээ мэдэгдсэн.  Тус хүнсний захын  зааланд лампан шар гэрлийг олноор байршуулсан,  цахилгааны нэгдсэy холбоосуудыг холбохдоо өөр өөр маркийн утаснууд ашигласан нь галын аюулгүй байдлыг зөрчсөн гэдгийг албаныхан мэдэгдсэн. Гэр ахуй, електрон барааны худалдааны төвийн хувьд цахилгааны аюулгүй байдлын шаардлага хангасан нэг ч лангуу байсангүй. Тиймээс  худалдаа эрхлэгчдийг 14 хоногийн дотор уг зөрчлөө арилгахыг сануулсан. Шалгалтынхан Нарантуул захын  зүүн хойд талд байрлах контейнерүүдийг шалгах явцад нүхэн гарцын орчим гал асч байгаатай таарсан нь  Нарантуул захын галын аюулгүй байдал ямар түвшинд байгааг тод харуулав.  Уг нүхэн гарц орчмын хур хогноос үүдэн өмнө нь хэд хэдэн удаа гал алдаж байсан удаатай. Ямартай ч нийслэлийн Онцгой байдлын газраас тус худалдааны төвд хийх шалгалт үдээс хойш өндөрлөнө. Шалгалтын дүнг үндэслэн тус захын үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх эсэх нь шийдэгдэж, Нарантуулын галын аюулгүй байдалд “дүн” тавихаар боллоо. П.Наран   Н.Ариунаа Н.Ариунаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ