1-р эмнэлгийн даргыг сонгох сонгон шалгаруулалтанд материал хүлээж авах хугацаа өнөөдөр дуусна
1 сар гаруйн хугацаанд улсын клиникийн төв эмнэлэг даргагүй байна. Энэ хугацаанд эрүүл мэндийн яамнаас даргын үүрэгт ажилд томилогдох мэргэжилтнийг тодруулахаар сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлачихаад байгаа. Сонгон шалгаруулалтанд материал хүлээж авах хугацаа маргаашийн 17 цагт дуусгавар болох юм байна. Нэгдүгээр эмнэлгийн даргаар ажиллаж байсан Л.Жамбалжав даргыг халж оронд нь Н.Оюунцэцэг гэх хүнийг томилох шийдвэрийг Эрүүл мэндийн сайд С.Ламбаа гаргасан. Сайдын шийдвэрийг эмнэлгийн ажилчид эсэргүүцэж түр хороо байгуулсан. Хороо байгуулсан шалтгаанаа Н.Оюунцэцэг нь нэгдүгээр эмнэлгийн даргаар ажиллах ёс зүйгүй хүн гэдгээр тайлбарлаж байсан юм.
Тодруулбал Н.Оюунцэцэг нь хуурамч баримт бичиг үйлдсэн хэргээр эрүүгийн хэрэгт сэжигтнээр татагдан шалгуулж байгаа хүн байтал удирдах албан тушаалд томилох гэж байгаа нь нүдээ олоогүй хэрэг гэж эмнэлгийн ажилчид үзсэн юм. Тиймээс түр хороо байгуулан энэ хүнийг даргаар томилвол ажил хаялт зарлаж, өлсөж ч мэднэ гэдгээ хэвлэлээр дамжуулан илэрхийлж байсан. Нэг өдөрт Нийслэл болоод орон нутгийн хэдэн мянган хүнд үйлчилдэг эмнэлгийн эмч нар ийнхүү мэдэгдэл гаргаснаар С.Ламбаа сайд 1-р эмнэлгийн даргыг сонгох нээлттэй сонгон шалгаруулалтыг 21 хоногийн хугацаанд зарласан юм. Өнөөдрийн байдлаар хичнээн хүн материалаа өгчихөөд байгаа талаарх мэдээллийг өгөх боломжгүй гэдгээ Эрүүл мэндийн яамны төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн мэргэжилтнүүд хэллээ.
1-р эмнэлгийн даргыг сонгон шалгаруулах ажил явагдаж байх энэ үед эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа гэдгийг эмч нар ярьж байсан юм. 1-р даргын гарын үсэг эмнэлгийн бодлогод чухал нөлөөтэй байдаг. Тиймээс шинээр сонгогдох дарга 2-3 жилийн хугацаанд тогтвортой ажиллах хүн байгаасай гэж эмч нар хүсэж буй аж. Бидэнд олдсон мэдээллээр тус эмнэлгийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа Бямбадорж өнөөдөр даргын суудалд өрсөлдөх материалаа Эрүүл мэндийн яаманд хүргүүлэхээр зэхэж байгаа юм байна.
Б.Батцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ