
Сонгуулийн төвөргөөн хаяанд ирж буй эдгээр өдрүүдэд улс төрийн амьдрал хачин жигтэй үзэгдлээр бялхаж эхэллээ.
Тэр дундаа Ардчилсан намын дотоод уур амьсгал, хөшигний арын үйл явдал ихээхэн түгшүүр, зовиуртай болж ирж байгаа ажээ. Өдгөө АН-ын бодлого, жолоог атгаж буй “Алтангадас” фракцийн эсрэг хөдөлгөөн, үзэл бодлууд нам дотор чимээгүйгээр газар авч байна. Х.Баттулгын тэргүүлдэг МоАХ фракциас намынхаа одоогийн удирдлагуудын эсрэг үйл ажиллагаа, үг хэл илэрхий өрнүүлэх болсон бол хүч хавсрах чиглэл, санаа бүхий “Шонхор” гэгч фракц шинээр байгуулагджээ. З.Энхболд, С.Эрдэнэ, Д.Ганхуяг, Д.Одхүү, Г.Баярсайхан нарын байгуулаад буй энэхүү фракц нь аль хэдийнээ голын хоёр талд гарч “нутаглаад” буй Н.Алтанхуяг, Х.Баттулга нарын зөрчлийг намжаахаасаа илүүтэй улам дэвэргэж, дундаас нь өөрсдөд ашигтай хожоо гаргахыг чухалчилж буй бололтой.
Тодорхой хэлбэл, төвийг сахигчийн байр сууринаас ялагчийг тодруулах үүрэгтэйгээр үйл явдлын өрнөлд оролцоно гэсэн үг. Мөн Ардчилсан хүчний холбооноос эсэргүүцлээ илэрхийлж, хэдэн жил өвөр түрийдээ оролцоод МАН-аас ялгагдах юмгүй болсон АН-ын одоогийн удирдлагуудаа сөрөг хүчин гэж үзэхгүйгээ зарлав. Уул шугамандаа бол, АН бол алга болсон шүү гэсэнтэй агаар нэгэн зүйлийг яриад байгаа.
Намын доторх бүлэг фракциудын зөрчил хагарал нь зөвхөн намын дарга хэн байх тухайд өрнөөгүйгээс гадна ирэх сонгуульд аль бүлэг фракц нь давуу байдал олж авах вэ гэсэн холын нүүдлээс үүдэж буй аж. Хэн нь хэдэн кандидат нэр дэвшүүлж, хэн нь 28-ын шугамд нэр бичигдэх вэ гээд л маргааны сэдэв, эрх ашгийн зөрчил мундахгүй. Шатрын хөлгөөр төсөөлбөл, өөрийн талынх нь нүүдэл таалагдахгүй бол ноёноо бэрстэй нь хамт түлхэн унагаад, шинээр өрөг хийх гэж зүтгэж ч магадгүй нөхцөл байдал АН-ын дотоодод үүсээд байна.
МоАХ-ны дарга Х.Баттулга Хамтарсан Засгийн газраас гарах шийдвэрийг дур мэдэн гаргасан гэх үндэслэлээр намын даргаа буруушааж, улмаар өөрөө намын дарга болох сонирхлоо ил шулуун илэрхийлэн дайралт хийсэн боловч амжилт олоогүй. Гэвч өөрийн хүч, боломжоо мэдэрсэн тэрбээр ямар ч үнээр хамаагүй намын дарга болохын төлөөх үйлсдээ ханцуй шамлан ороод байгаа билээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Женко” Х.Баттулга намын удирдлагуудынхаа эсрэг тэмцэлд МҮАН-ын дарга М.Энхсайхан, МАХН-ын дарга Н.Энхбаяр нартай хүч хавсрахаар болов гэх мэдээлэл гарах болсон нь одоогоор мессеж төдий зүйл юм. Улс төрд мөнхийн нөхөр, эсвэл мөнхийн дайсан гэж байдаггүй гэсэн теором үйлчилдэг. Тиймд дээрх мессеж нь магадлалын хувьд байж болох хувилбарыг мэдээлж буй юм. Өнөөдрийн хувьд зөвхөн АН гэлтгүй, МАН-ын дотоод зөрчил хагарлуудаас үүсэх аливаа гадагшлах хөл хөсөөн нь дээр нэр дурьдсан хоёр кадрын зүг чиглэх нь дамжиггүй үнэн. Намдаа олж авч чадаагүй оноог тэнд очвол халаасалж болно гэдгийг хэн бүхэн гадарлаж байгаа учраас.
Дотроосоо гадагшилж мэдэх айдсын хүчин зүйл ийнхүү Х.Баттулгын намынхаа удирдлагуудад үзүүлэх зэвсэг болжээ. Н.Алтанхуяг, Х.Баттулга хоёрын зөрчил бол зарим хүний тайлбарлаж байгаачлан АН-ын дотоод ардчиллын илэрхийлэл төдий зүйл биш гэдэг нь тодорхой. Чулуу чулуугаа хөндөж буй тухай яриа биш, чулуу чулуугаа хага төншиж буй тухай яриа. Хэн нь АН-ын дарга байх вэ гэдэг тухай ч биш, хэн нь ирээдүйд Ерөнхий сайд хийж үзэх вэ гэсэн тэмцэлдээн. Мэдээж хэрэг, нам нь олонхи болно гэж зүүдэлж л байгаа хэрэг шүү дээ. Х.Баттулгын хувьд Н.Алтанхуягийн нэр хүндийг дагаж унах намын рейтинг сонин биш.
“Энэ “Алтангадас” фракцийн нөхөд, Н.Алтанхуяг гэгч этгээдээс болж намын нэр хүнд уналаа” гээд л хэлчихнэ. Яг л хамтарсан Засгийн газрын ажил хийж чадаагүй, хийлгээгүй гол буруутнаар явж явж мөнөөх Н.Алтанхуягийгаа нэрлэж орхисон шигээ л тонгорчихно. Угийн бөх хүний хийж сурсан мэх байх л даа. Аль ч тохиолдолд Х.Баттулга Н.Алтанхуягийнхаа дээр унана гэж тооцож буй. Учир нь Х.Баттулга одоогийн байгаа улс төрийн оноогоо бүрэн халаасалчихсан гэж боддог. УИХ-ын гишүүн, МоАХ-ны дарга зэрэг алба тушаал, зэрэг дэв нь түүнд хувийн компаниудаас нь өөрцгүй шахуу өмчлөгдсөн. Тиймдээ ч тэр илүү ихэд шунаж, замд нь хөндөлсөж буй хэнбугайг ч үзэн ядалтаар ширтэж байна. Н.Алтанхуягтай эвлэрэхгүй тэмцэхээ илэрхийлсэн нь хэрэв нам нь өөрийг нь биш, Н.Алтанхуягийг сонгосон нөхцөлд намтайгаа ч эвлэрч суухгүй гэсний тод илчлэл юм.
Ийн Ардчилсан намын дотоод дахь хагарал газар авч, ан цав нь ангал үүсэх хэмжээнд хүрлээ. Өөрсдөө энэ хагарлыг дотоод ардчилал, хэзээд байсаар ирсэн манай намын онцлог хэмээн тайлбарлан зөөлрүүлж байгаа ч үйл явц, үзэгдэл тайзан дээр арай илүү хурцаар өрнөх төлөвтэй байна.
С.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ