
Английн Премьер лигийн 24-р тойргийн тоглолт үзүүштэй сонирхолтой тоглолтуудаар дүүрэн өнгөрлөө. Маргааш болох Тоттенхэм, Ливерпуль клубуудын тоглолтоос бусад есөн тоглолт өнгөрөгч өдрүүдэд болж өнгөрсөн юм.
Эдгээр тоглолтуудаас хөлбөмбөг сонирхогчид, Премьер лигийн фэнүүдийн хамгийн хүсэн хүлээдэг тоглолтын нэг болох Манчестер Юнайтед, Челси клубын 24-р тойргийг чимсэн юм.
Английн Эль Классико хэмээн нэрлэж болохоор энэ хоёр багийн тоглолт үнэхээр фэнүүдийнхээ сэтгэлийг доргиож чадсан юм. Стэмфорд Бридж цэнгэлдэхэд хуран цугласан олон энэ үдшийн турш хоёр клубын зургаан гоол хаалганд орохыг харсан азтанууд болсон гэж хэлж болохуйц.
Тоглолт эхнээсээ л өрсөлдөөнтэй эхэлж хоёр клуб аль аль нь тоглолтын санаачлагыг гартаа авахаар оролдож байлаа. Челсигийн баруун захаар дамжсан довтолгоонууд хаалганд аюул тарих шахаж байсан ба Улаан чөтгөрүүдийн төвийн хамгаалалт сайн байлаа.

Тоглолтын эхний шар хуудсыг Челсигийн зэвэрч буй алтан жаал МанЮ-гийн Жонатан Эванс дээр алдаа гаргаснаар шүүгчээс хүртсэн.
Харин эхний гоол 35 дахь минутад Даниэл Старриджийн цохилтноос мөн л Жонатан Эвансын биенд ойж Манчестер Юнайтедын хаалганд орсноор талбайн эзэд тэргүүлж эхэлсэн юм.
Улмаар давамгайллыг олсон Челсигийн тоглогчид Хуан Мата, Давид Луис нар ээлж дараалан гоол хийснээр тоглолт 3:0-ийн харьцаатай болж ирсэн юм.
Манчестерийн дэрбид Манчестер Ситид олон онооны зөрүүгээр хийцлүүлсэн түүх бараг эхний үед давтагдах шахсаныг та бүхэн харсан буй за.
Гэсэн ч зөвхөн Улаан чөтгөрүүдэд байдаг, тоглолтын төгсгөлийг гайхалтай эргүүлч чаддаг чадвар энэ удаад Стэмфорд Бриджд амсах гутамшгаас Фергусоны цэргүүдийг салгаж чадсан юм.
Хоёрдугаар үед Челси хожил өвөртөлсөндөө хэт найдсан уу, аль эсхүл хамгаалалтын найруулагч багийн ахлагч Жон Терри байхгүй нь нөлөөлсөн үү хоёр ч дараалан торгуулийн талбайдаа алдаа гаргаж улмаар Уэйн Рүүни удаа бүр чулуу болгосноор тооны харьцаа 3:2 болсон.
Хүчтэй өрсөлдөгчөөсөө хожил салгах амархан боломжийг Стэмфорд Бриджийнхэн алдахыг хүсээгүй ч бөмбөг бөөрөнхий хойно дээр дурдсан тоглолтын хувь заяаг эргүүлэх чадвар нь хэтийдсэн Манчестер Юнайтед тоог 84 дэх минутад тэнцүүлж чадлаа.
Райн Гиггзийн дамжуулалтаас ирсэн бөмбөгийг адтай Хавьер Эрнандез мөргөж гоолдсоноор ийнхүү Челсигийн хялбар хожил сураггүй болсон юм.
Ингэснээр Челси ардаа яваа Ньюкастлаас тасарч Тоттенхэмд ойртох боломжоо байхгүй болгосон. Манчестер Юнайтедын хувьд нэгэнт нүүрлэсэн хожигдлоос мултарч эвийн гэрээ байгуулснаар 55 оноотой энэ тойргийг дуусгалаа. Премьер лигийн хүснэгтийг тэргүүлж буй Манчестер Сити тэдний урд 57 оноотой жагсаж буй.
Манчестер Ситигийн хувьд 24-р тойрогт учраа таарсан Фулхэмийг 3:0-ээр төвөггүйхэн буулгаж авснаар Манчестер Юнайтедтай оноогоор тэнцээд байсан байдлаас сугарч гаран тэргүүллээ хэвээр хадгаллаа. Мөн Ньюкастлын хувьд Астон Виллаг 2:1-ээр буулгаж авснаар 42 оноотой болж Челсиг ч удахгүй ухраахад боломжтой болоод байна.
Арсеналын хувьд энэ тойрогт гайхалтай ялалт байгуулсан. Их буучид лигийн сүүлийг мушгигчдын нэг Блэкбернийг энэ тойрогт 7:1-ээр бутниргэсэн. Энэ тоглолтод эхлээд хоёр дахь минутад Робин ван Перси гоолдсон ба тэрбээр тоглолтын турш хет трик үзүүлсэн билээ. Их буучид гоолыг ээлж дараалан буудсаар үндсэн цаг дуусаад нэмэлт гурван минут дуусахаас 4 секундын өмнө хүртэл Тьери Анри гоол хийж тоглолтыг 7:1-ээр дуусгасан юм.
Өнөө шөнө болох 24-р тойргийн сүүлийн тоглолтод Тоттенхэм Ливерпулийг хожиж чадваас тэргүүлэгч Манчестерын клубуудэд улам ойртох болно. Харин Ливерпуль хожвол урдаа яваа Арсеналыг ухрааж зургадугаар байрт жагсах юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ