Арван хүн амиа алдаж, 180 айл орох оронгүй болжээ

img

Хүйтний эрч  чангарч байгаатай холбогдуулан сүүлийн үед гал түймрийн гаралт ихсэх хандлагатай байгаа аж. Ихэвчлэн пийшингийн буруу галлагаа, үнс нурмаа ил задгай асгах, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, шугам сүлжээний ашиглалт, угсралтын буруу холболт зэргээс үүдэн обьектын гал түймэр ихээр гарч иргэд угаартах, амь насаа алдах, эд хогшил, гэр, орон байраа шатаасан хэргүүд өдөр алгасахгүй  шахам гарсаар байна. Зөвхөн 2012 он гарсаар нэг сарын хугацаанд улсын хэмжээнд 328 удаагийн объектын гал түймэр гарч, 830,4 сая төгрөгийн хохирол учирч, гал түймэрт өртөн  арван хүн нас барж,  дөрвөн хүн түлэгдэж гэмтэн, 180 гэр орон сууц шатсан байна. Онцгой байдлын албаны албан хаагчид  энэ хугацаанд гал түймрийн аюулаас найман хүний амь бие, төр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 3,5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгө, 51 байшин барилгыг авран хамгаалсан байна. Иймд Онцгой байдлын газраас иргэд гал түймрийн аюулаас үр хүүхэд, гэр орон, эд хогшлоо хамгаалж, галлагаа болон гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, шугам сүлжээний ашиглалт угсралтын дүрэм зааврыг зөрчихгүй байх, цогтой үнс, нурмаа ил задгай асгахгүй, бага насны хүүхдийг харж асрах хүнгүйгээр гэрт орхихгүй, цоожлож үлдээхгүй байхыг сэрэмжлүүллээ. Мөн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, техникийн үйлчилгээг цаг тухайд нь хийж байх, өвлийн улиралд тээврийн хэрэгслийг ил галаар халааж гэсгээхгүй байх, зориулалтын гал унтраагуур байнга авч явахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулав. Н.Дэлгэр  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ