
Нийслэлийн хатуу хучилттай замын урт өнгөрсөн онд 650.4 километр болжээ. 2008 оноос хойш нийслэлд 42.5 км авто замыг шинээр барьж, 67.9 км авто замыг өргөтгөн шинэчилж, нийтдээ 110.4 км авто замын барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн байна.
Энэ зам, замын байгууламжийн төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд улсын төсвийн хөрөнгөөс 61, нийслэлийн төсвийн хөрөнгөөс 16.8, “Монгол Улсыг хөгжүүлэх сан”-гаас 3.9, Засгийн газрын нөөц хөрөнгөөс 0.8 тэрбум төгрөг, гадаадын зээл тусламжийн хүрээнд 37.3 сая доллар буюу 49 тэрбум төгрөг зарцуулжээ.
Мянганы Сорилтын сангийн хөрөнгө оруулалтаар Улиастайн салаа замын уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх 3.4 км авто зам, Баянзүрхийн товчооноос Налайх-Тэрэлжийн уулзвар хүртэлх 15.9 км авто замыг өргөтгөж шинэчлэх төслүүдийг 2011-2013 онд хэрэгжүүлж дуусгах аж. БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Бээжин хотын нэрэмжит гудамжны шинэчлэлт хийхээр зураг төслийн ажлыг эхлүүлжээ.
Бээжингийн гудамжны шинэчлэлтийг 2012-2013 онд хэрэгжүүлэх аж. Дээрх төслүүдийн хүрээнд 2012-2013 онд 18.7 км авто зам, 386 метр урт гүүрийг шинээр тавьж, 19.3 км авто зам, 75 метр гүүрийг өргөтгөн шинэчилж, төмөр зам дээгүүр шинээр нэг гүүрэн, нэг нүхэн гарцыг барьж ашиглалтад оруулахаар төлөвлөөд байгаа. Энэ мэтчилэн нийслэлийн автозамын сүлжээ жил бүр хөрөнгө оруулалт хэмээн олон арван тэрбумыг залгиж байгаа ч өнөөдөр нийслэлчүүдийн хэрэглээг бүрэн хангаж чадахгүй байна. Жил бүр нөхөөс хийсэн ч засал авахаасаа өнгөрсөн замууд их. Шинээр барихаасаа илүүтэй нөхөөс хийх аргаар удаан явж ирсэн болохоор дов сондуултай голын эргээр явж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх нь энүүхэнд. Жил бүр бүтээн байгуулалтад зарцуулахаар төсөвлөсөн хөрөнгийн дийлэнх хувь замын нөхөөсд явж байгаа гэхэд болно.
Тухайлбал, өнгөрсөн жил хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтад 1,5 их наяд төгрөгийг зарцуулахаар төлөвлөсөн. Энэ хөрөнгө оруулалтаар Сайншандын аж үйлдвэрийн цогцолборт ч юм уу, эсвэл Алтанбулагийн чөлөөт бүсийг байгуулахад бүр адаглаад Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрлэл болоод Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг өргөжүүлэхэд зарцуулагдсан нь бараг үгүй. 1,5 их наяд төгрөгийн дийлэнх нь авто зам барих, засварлах, нөхөхөд зарцуулсан юм билээ. Гэхдээ “Авто замын сүлжээг 2020 он хүртэл хөгжүүлэх” ерөнхий төлөвлөгөө, “Мянганы зам” төсөл, “Үндэсний хөгжлийн цогц бодлого”, “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөртэй уялдуулж Монгол Улсын авто замыг хөгжүүлэхийн тулд хөрөнгө төсөвлөсөн юм биш. Ирэх онд УИХ-ын сонгууль явагдах болохоор эрхэм гишүүд өөр өөрийнхөө тойрогт засч янзалсан, шинэчилсэн, шинээр зам тавьсан нэр зүүхийн тулд 1,5 их наяд төгрөгийн дийлэнх нь хуучин замд шинэ нөхөөс тавихад зарцуулсан гэх.
Мөн нийслэлийн замын ажлыг ёжлоход машин барьж байгаа жолооч аль улсад очиход уран жолоодогч болж чадна гэж ярих нь хатуу ч гэсэн үнэн. Хуучин нийгмийн үед зураг төсөл нь гарч баригдсан нийслэлийн автозамын сүлжээний орц гаруыг төлөвлөлтгүй барьсан барилга байгууламж, хашаа хороо таглаж мухарлаж орхисон.
Улаанбаатарын хүн ам, барилга байгууламж эрс нэмэгдэж байгаа ч автозам, нүхэн болон гүүрэн гарц тэр хэмжээгээр нэмэгдэхгүй байгаа нь харамсалтай. Төсөв, сан хөмрөг, гадаадын зээл тусламжийг нийлүүлээд нийслэлчүүдийн хэрэгцээг бүрэн хангасан зам гүүр байгуулна гэж байхгүй бололтой. Энэ онд автозамын салбарт мөн л тэрбум тэрбумаар нь хөрөнгө төсөвлөсөн байгаа. Эрх баригчдын хэлж буйгаар үсрэнгүй хөгжлийн гараан дээр ирчихсэн болохоор төсвийн энэ их хөрөнгийг нөхөөс, хүн гишгэхэд хагарахаар нимгэн, хоёр машин арай гэж зөрөх зам тавихад битгий зарцуулаарай гэж хүсье.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ