Америк, энэтхэгүүд Монголын асуудлаар уулзалдлаа

img

Монгол Улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн хүрээнд АНУ-ын “Гадаад харилцааны зөвлөл” хэмээх мэдээлэл, стратеги судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага Энэтхэг-Монголын нийгэмлэгтэй хамтран “Монгол Улс, АНУ болон дэлхий” сэдэвт дугуй ширээний уулзалтыг Нью-Йорк хотноо зохион байгуулсан байна. Тус уулзалт нь хоёр хэсгээс бүрдсэн бөгөөд эхний хэлэлцүүлгийг Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Х.Бэхбат удирдан явуулжээ. Хэлэлцүүлэгт АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ж.Эдлтон оролцож “Монголын улс төр, эдийн засгийн хөгжил болон Монгол-Америкийн хоёр талын харилцаа” сэдвээр илтгэл тавьж, оролцогчдын сонирхсон асуултад хариулсан байна. Харин удаах хэлэлцүүлгийг Элчин сайд У.Лорд удирдан явуулж, Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Х.Бэхбат, Монгол Улсаас Австри улсад суугаа Элчин сайд Ж.Энхсайхан, АНУ-аас Монгол Улсад сууж байсан Элчин сайд А.Лапорта нар “Монгол-Америкийн харилцаа: Дэлхий болон Ази дахь хамтын ажиллагааны төлөв байдал” сэдвээр ярилцлага өрнүүлсэн аж. Энэхүү арга хэмжээнд Нью-Йорк хотноо үйл ажиллагаа явуулдаг стратеги судалгааны төрийн болон төрийн бус байгууллага, гадаадын улс орнуудын байнгын төлөөлөгчийн газрын төлөөлөгчид, бизнесийн төлөөлөл зэрэг нийт 90 орчим хүн оролцсон байна.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ