
Энэ онд Монгол Улс болон Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой тохиож байгаа. Үүний хүрээнд “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах” хөтөлбөрийн 400 дахь төслийн ойн ёслолын арга хэмжээг Японы Элчин сайдын яаманд өчигдөр зохион байгууллаа.
Тус арга хэмжээний эхэнд “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих дараах 4 төсөлд гарын үсэг зурав.
1. Шастины нэрэмжит төв эмнэлгийн Хүлээн авах, яаралтай тусламжийн тасгийн их засварын төсөл (99.843 ам.доллар)
2. Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 134-р цэцэрлэгийн их засварын төсөл (99.071 ам.доллар)
3. Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын сургуулийн дотуур байрны барилга барих төсөл (109.281 ам.доллар)
4. Улаанбаатар хотын “Байгаль-Эх” лицей ахлах сургуулийн барилгын өргөтгөлийн төсөл (99.545 ам.доллар)
Үүний дараагаар Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Такенори Шимизү тус арга хэмжээнд хүрэлцэн ирсэн албаны хүмүүст талархал дэвшүүлж, үг хэлэв. Тэрээр хэлэхдээ Япон Улсын Засгийн газрын хувьд энэхүү тэмдэглэлт ойн жилийг тус хоёр орны харилцааг улам эрчимжүүлэх боломж хэмээн ойлгон, хамтын ажиллагаагаа салбар бүрт нягтруулж, “Стратегийн түншлэл” бүхий улсууд болох чиглэлд ажиллаж байгаа талаар мэдэгдлээ. Тус арга хэмжээнд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Гадаад харилцааны дэд сайд Г.Тэнгэр, Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд Б.Ундармаа болон албаны бусад хүмүүс оролцож, үг хэллээ. Эрүүл мэндийн яамнаас Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа, тус хэлтсийн мэргэжилтэн Б.Туяа нар болон харьяа эмнэлэг, төвийн дарга, захирал нар оролцлоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ