
УИХ дахь МАН, АН-ын бүлэг ганц хийсэн гавьяа гэж үнэлээд байгаа УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн зүйл заалттай холбоотой тайлбарыг Улсын Дээд шүүх өгөх болж байна. Учир нь Сонгуулийн ерөнхий хорооноос хуулийн заалтуудтай холбоотой 40-өөд асуудлаар тайлбар авахаар ханджээ.
Гэхдээ сонгуулийн хууль батлагдсаны дараа уламжлал болгон Улсын Дээд шүүхээс тайлбар гаргадаг гэж энэ тухайгаа тайлбарлаад байгаа. Мөн шинээр тайлбар авахаас зайлшгүй заалтууд бий гэж байгаа. Тухайлбал, Сонгуулийн санал авах хугацаа өглөө 07.00 цагт эхлээд орой 20.00 цагт дуусна гэж хуульд заасан. Сонгуулийн үйл ажиллагааг автоматжуулсантай холбоотой цагийг яаж ойлгох тал дээр тайлбар хэрэгтэй болжээ. Монгол Улс өргөн уудам газар нутагтай, цагийн зөрүүтэй аймгууд бий. Эдгээрийг нэгдмэл болгосноор эргээд программчлал хийхэд тустай болно.
Сонгогчдын санал татах зорилгоор тодорхой үйл ажиллагаа явуулахыг хориглосон заалтын талаар ойлголтуудыг тодорхой болгох чиглэлээр Улсын Дээд шүүх тайлбар гаргах нь болж байна. 2008 оны сонгуулиас хойш дахин сонгууль явуулах гэхээс айдаст автаад байгаа үед хуулиа тайлбарлуулж ба бэгүй ойлголттой болохгүй бол бухимдсан сонгогч, нэр дэвшигчийн гарын шүүс болох хүмүүсийн эхэнд Сонгуулийн ерөнхий хорооныхон орж байгаа. Ийнхүү УИХ-ын Сонгуулийн хууль батлагдсанаас сар гаруй хугацааны дараа Сонгуулийн ерөнхий хороо сэрж байна.
2012 оны сонгуулийн санал хураалтыг автоматжуулж хүний оролцоогүйгээр санал тоолохоор хуульчилсан. Гэвч Өмнөд Солонгост үйлдвэрлэсэн хувилбагч машин авчирч УИХ-ын гишүүдэд нүүрээ улалзуулж, чихээ улайтал загинуулсан энэ хорооныхон одоо л ажлаа ойлгож байгаа бололтой. Ямар боловч гишүүдийн санаанд, хуулийн заалтад нийцсэн санал тоолох машин олчихлоо. Одоо АНУ-ын “Dominion Voting Systems” компанитай гэрээ байгуулж нэг бүр нь 3200 ам.долларын үнэтэй 2500 ширхэг санал тоолох машиныг захиалжээ. Уг машин дээр ажиллах хүмүүсийг сургах ажил эхэлсэн гэнэ.
Харин хэсгийн хороо байгуулахад нэлээд толгойгоо гашилж байгаа бололтой. Мөн гадаадад сурч, амьдарч байгаа монголчуудын саналыг авна гээд энэ хорооныхонд эхлүүлэх ажил их. Сонгуулийн хууль батлагдах явцаасаа эхлээд маргаантай байгаа, парламентын гаднах нам эвслийнхэн хүлээн зөвшөөрөхгүй байнга шүүмжилж байгаа хуулийг хэрэгжүүлж хэн хэнийг нь гомдолгүй сонгууль явуулах нарийн ухаан.
Ний нуугүй хэлэхэд СЕХ-ны дарга Н.Лувсанжав, Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Содномцэрэн нараас улстөрийн мэдрэмж, зохион байгуулалтын нарийн ухаан гарна гэхэд улстөрийн намууд итгэлгүй байгаа. Тэгэхээр тэднийг өдөр бүр зөв хөл дээрээ босч бай гэсэн зөвлөгөөг өгч байгаа гэх.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ