
Нийслэл рүү чиглэх хүмүүсийн нүүдэл хөвөрсөөр л... Сумаас аймаг руу, аймгаас нийслэл урсах энэ их нүүдлийн “буянаар” одоо манай улсын нийт иргэдийн 44 хувь нь Улаанбаатар хотдоо амьдарч байна. Нийслэлд ганцхан өдрийн дотор л гэхэд бусад, аймаг хотоос 109 хүн бүрмөсөн сууршихаар ирдэг ажээ.
Өөрөөр хэлбэл жилдээ 40 мянган хүн гадаад, дотоодоос шилжин ирдэг байх юм. Зөвхөн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт гэхэд Хөвсгөл аймгийн хүн амаас 2.5 дахин их хүн оршин сууж байна гэсэн тоон судалгаа бий. Хүн ам ингэж нэмэгдэхийн хэрээр агаарын бохирдол, авто замын түгжрэл, халдварт өвчний тархалт, гэмт хэргийн гаралт гээд олон сөрөг зүйлийг ар араасаа дагуулсаар байна.
Түүнээс гадна энэ их нүүдлийн хөлд зарим хүүхэд, багачуудын сурч, боловсрох эрх зөрчигдсөөр байгаа нь нүдний өмнө хөвөрсөөр. Үүнийг эрх мэдэл, албан тушаалтнууд харсан ч хараагүй, мэдсэн ч мэдээгүй юм шиг өнгөрүүлсээр. Орон нутгаас суурин газрын сайн сайхан амьдралыг мөрөөдөж ирсэн олон айлын хүүхэд боловсролын гадуурхалд өртөж байна. Тэдний эцэг, эх дийлэнхдээ нийслэлийн захын хороолол эсвэл шинэ сууршлийн бүсэд төвхнөдөг.
Тэнд нь сургуулиуд хэт олон сурагчтай эсвэл огт сургууль, эмнэлэг, цэцэрлэггүй байна. Үүнээс болж хүүхдүүд харуй бүрийгээр хэдэн арван буудлын цаадах сургуулийг зорино. Өвлийн тасхийм хүйтэнд сурах хүсэл мөрөөдлөө өвөртлөсөөр яваа тэд автобусанд кондукторт чигчлүүлсээр, явган нүцгэн алхсаар, нохой шувуу, согтуу хөлчүү хүнээс айж бэргэсээр сургуулийн бараа харна. Харин сургуульдаа очсон хойноо нэг ширээндээ гурваараа, ангидаа 40, 50-иулаа суух нь энүүхэнд. Тав тухгүй энэ байдлаасаа болоод анхаарал нь төвлөрөхгүй, хичээлийг ойлгохгүй байх гээд олон бэрхшээл үргэлжилнэ.
Үүнийг баримтжуулахад нийслэлд ерөнхий боловсролын 206 сургууль үйл ажиллагаа явуулдаг.
Эдгээрээс төрийн бус өмчийн сургуулийн тоо 96 буюу нийт сургуулийн 46.6 хувийг эзэлдэг байна. Орон нутгаас шилжин ирэгсэд нь нийслэлийн захын хорооллуудын хаяаг тэлсээр байхад нийт сургуулийн 66 хувь нь хотынхоо төвд буюу Сүхбаатар, Баянгол, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт төвлөрдөг байх юм. Түүнчлэн 2009-2011 оны хичээлийн жилд 185018 хүүхэд суралцаж байсан бол 2011-2012 онд 186704 болж нэмэгджээ. Нийслэлд зөвхөн 1-5 дугаар ангид 96582 хүүхэд сурч байгаа бөгөөд 2010-2011 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид 17398 хүүхэд элсэн орсон байна.
Харин нэг сайхан мэдээ нь сургууль цэцэрлэгийн хүрэлцээ хангалтгүй байгаа ч сургууль завсардсан хүүхдийн тоо буурсан байх юм. Нийслэлд гурван ээлжээр хичээллэж байгаа 25 нь ч сургууль бий. 2011-2012 оны хичээлийн жилд Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Яармаг, Багахангайд нэг нэг л сургууль барьсан бол Шавь цогцолбор, 35, 79 дүгээр сургуулиуд өргөтгөл хийжээ. Харин зөрүүлээд 70,22,92 дугаар саргуулиудын барилга чанарын шаардлага хангаагүйн улмаас зарим корпусыг нь буулгажээ.
Нэг ширээнд хоёр сурагч, нэг ангид 30-35 хүүхэд, хоёр ээлжээр хичээллэдэг болохын тулд наад зах нь 50 сургууль шинээр барих хэрэгтэй гэж албаны хүмүүс хэлдэг. Гэтэл нийслэлд шинэ худалдаа үйлчилгээний төвүүд, баар цэнгээний газрууд, зочид буудлууд бидний нүд нь дээр цаг хугацаатай уралдан сүндэрлэсээр л,,, Гэтэл эх орны ирээдүй болсон хүүхдүүдэд суралцах сургууль хангалтгүй байна.
Их хотын сайн сайхныг зөгнөн ирсэн өрхийн багачууд ингэж шийтгүүлэх ёстой гэж үү эрхэм төрийн түшээд ээ.
Д.Туяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ