
“Их хүрээ”-г “Нийслэл хүрээ” хэмээн өргөмжилсний 100 жилийн ойг тохиолдуулан Зүүн Хүрээ Дашчойлон хийдийн лам хуврагууд нийслэлийн иргэдийн сайн сайхны төлөө ном айлдаж, Өндөр Гэгээн Занабазарын айлдсан “Жинлавцогзол” хэмээх номыг монгол уншлагаар нь уншлаа.
Зүүн хүрээ Дашчойлон хийдийн хурал номын үйл ажиллагаа явуулж буй дуганууд нь Улаанбаатар хотын түүхтэй нягт холбоотой бөгөөд эртний нийслэл хүрээний нэг бүрэлдэхүүн хэсэг байсан юм. 1999 онд нийслэл хотоос Ширээт цагаан нуурт дурсгалын гэрэлт хөшөө босгож, ном хуруулан хүндэтгэл үзүүлснээс хойш жил бүр нийслэлийн төр захиргааны байгууллага, Зүүн хүрээ Дашчойлон хийд хамтран нийслэлийн иргэд олон түмнийхээ тусын тулд хурал хуруулж, ном айлдахаас битүүний өдөр мандал өргөдөг уламжлал тогтсон билээ.
Дашрамд дурдахад, 1911 онд Монгол Улс тусгаар тогтсоноо дэлхийн олон улсад зарлан тунхагласны дараахан буюу 1912 оны хоёрдугаар сарын 9- нд Дотоод хэргийг бүгд захиран шийтгэгч яамны тэргүүн сайд Да лам Цэрэнчимэдээс, Нарангэрэлт, Түмэн наст, Богд хаан Жавзундамба хутагтад өргөн мэдүүлсэн бичгийг үндэслэн Их хүрээг улсын нийслэл буюу “Нийслэл хүрээ” хэмээн нэрлэх хүсэлтийг ёсоор болгосноос хойш түүхэн 100 жил өнгөрчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ