Деми Мур гэр бүлээ цуцлуулахаар өмгөөлөгч хайж байна
Холливудын 48 настай жүжигчин эмэгтэй Деми Мур залуу нөхөр Эштон Катчертаа хайртай ч нэгэнт итгэлийг нь алдсан нөхрөөсөө салахаар шийдэн өмгөөлөгч хайж эхэлжээ.
Эштон Катчер эр нөхрийн үнэнчийн тангаргаа зөрчин, оюутан бүсгүй Сара Лилтэй амрагийн харьцаанд орсон нь тодорхой болсон юм.
Деми Мурын ойр гэх эх сурвалжийн мэдээлснээр нэрт жүжигчин “өөрийгөө доромжлуулж, дор үзэгдсэн мэтээр бодож буй” аж.
“Деми Мур гэр бүлээ авч үлдэхийг их хичээсэн. Гэвч Сара Лилтэй амрагласан паян дэлгэгдсний дараа, тэдний хамтдаа байгаа зураг хэвлэлээр гарсны дараа энэ бүхнийг тэвчихэд үнэхээр хүнд болсон” гэж эх сурвалж мэдээлжээ.
Эштон Катчер Деми Мур хоёр 2005 онд гэрлэсэн. Үүнээс хойш залуу нөхөр нь Мурыг байн байн хуурдаг тухай мэр сэр мэдээлэл гарч байсан юм. 2010 онд Эштон Катчер нэгэн шаргал үстэй бүсгүйтэй хамт ресторанаас гарч ирээд үнсэлцэж, хамтдаа одсон тухай мэдээлэл түгж байсан. Тухайн үед Деми Мур нөхрөө өмөөрч, хэвлэлийнхнийг худал мэдээлэл тараасан хэмээн бухимдснаар хэрэг явдал намжиж байжээ.
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ