Ч.Төрмөнх: “Амьдралаа залгуулахын тулд гуравдугаар ангиасаа тэрэг түрж эхэлсэн”
Гуравдугаар ангидаа анх тэрэг түрж, ачаа зөөж олсон мөнгөөрөө гэртээ, дүү нартаа хоол хүнс аваад харихад тэднийхээ баярласан царайг харж зогсох үнэхээр аз жаргалтай байсан шүү хэмээн нүдэндээ нулимс цийлгэнүүлж, хоолой зангируулан ярьж суусан 30 эргэм насны залуу манай энэ удаагийн сурвалжлагын эзэн. Түүнтэй уулзаж, ярилцаж суухдаа аливаа зүйлийг анх харсан дүр зургаараа яаран дүгнэлт хийх нь буруу юм байна гэдгийг л бодож суусан юм.

-Ээж минь олон ч хүнд бариа засал хийж байсны буян нь байдаг байх гэж би боддог
Shuud.mn өдөр тутмын шуурхай мэдээллийн сайтын хамт олон өнгөрөгч 2011 оноос нийгмийн хариуцлагыг тэргүүнд тавьж, сар бүр нийслэл хотын хүндхэн амьдралтай айл өрхийг зорин очих болсон юм. Энэ үеэр айл өрхийн гишүүд амьдралын сайн сайханд тэмүүлсэн сэтгэлд нь ямархан тус дэм хэрэгтэй байгаа талаар нь илэн далангүй яриа өрнүүлдэг уламжлал тогтоосон билээ. Оны өмнө “Би том болоод ээждээ дулаахан хувцас авч өгнө” хэмээх сурвалжлагын эзэн Чингэлтэй дүүргийн Х хорооны иргэн Ц.Оюун-Эрдэнэ, Г.Сарнай нарын гэрт хийсэн сурвалжлага олон хүний сэтгэлд хүрч чадсан юм. Тэдэнд туслаж дэмжье, тэр хөөрхөн хүүхдүүдэд нь туслах сан гэдгээ сайхан сэтгэлтэй олон хүн манай сайтад ирүүлж, тэдэнтэй холбож өгсөн. Сайн хүмүүс олон байдаг энэ орчлонд нэг ч гэсэн айл сэтгэл зовоосон асуудлуудаасаа салахад нь туслаж чадсандаа манай хамт олон ч мөн адил урамтай байлаа. Тиймээс цаашид энэ булангаа үргэлжлүүлж, олон олон айл өрхөд туслахсан хэмээн хүсэмжилж энэ сарын төлөвлөгөөний дагуу өчигдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нэгэн айлд очихоор товлосон юм. Очих айлынхаа талаар ямар ч төсөөлөлгүй, зөвхөн хороон дарга н.Цогзолмаа эгчтэй ярилцаж тохирсон тул олон хүүхэд бужигнасан ядруухан айлд очих болов уу гэсэн бүдэгхэн төсөөлөлтэй сурвалжлагадаа гарав. Юуны түрүүнд очиж байгаа айлдаа гурил, будаа, мах, ногоо, чихэр жимс гээд л хэд хоногтоо санаа зовохгүй хоолоо хийгээд идчихээр хүнс худалдан авахаар Дэнжийн 1000-ын Нарантуул II захыг зорьсон юм.


-Тэрээр тун ч авьяастай залуу бөгөөд олон ч медальтай ажээ
Сайн санааны үйлс хийхээр явж байгаагаа худалдагчид тайлбарласан тул бага гэлтгүй үнээ буулгаж байв. Ногооны худалдагч залуу “Эгчээ би оюутан, хичээлийн бус цагаар энд зогсдог юм. Гэхдээ та нарын сайн үйлсэд би өөрийнхөө чаддагаар туслая” хэмээн ногоогоо үнэгүй шахам бэлэглэв. Ингээд бид Хайлаастын 15 дугаар хороог зорин очлоо. Сурвалжлагын маань эзэн нүдэнд дулаахан, даруухан байрын 30 гаран насны залууг Төрмөнх гэдэг аж. Тэрбээр ээж аав дүү нартайгаа амьдардаг айлын ууган хүү гэнэ. Ээж аав нь бие муутай хэвтэрт, олон дүү нартайгаа амьдрах гэж зорьж хичээж яваа сайн залуу хэмээн хэсгийн дарга залууг магтаад авав. Удалгүй Хайлаастын гудамжаар хэсэг зуур давхин зорьсон айлынхаа гадаа ирлээ. Хог шороогүй цэвэрхэн хашаан дотор нэг жижиг гэр, хажууд нь улаан тоосгоор сэтгэл гаргаж, нямбайлан барьсан нэг давхар аятайхан байшин байх аж. Бид жижигхэн гэртэй, ядруухан амьдралтай айлд очих болов уу хэмээн төсөөлж байтал огт өөр орчин угтсанд нэг хэсэгтээ л балмагдсанаа нуух юун. Байшинд орвол цэвэрхэн, тохилог, бас ч гэж орчин үеийн тавилга сэлттэй боломжийн амьдралтай айл юм даа гэсэн сэтгэгдэл төрж байв. Бужигнасан олон дүү нар нь ч харагдсангүй. харин гэрт нэг дүү нь аав ээжийн хамт биднийг угтав. Аав ээж нь хоёулаа хэвтэрт байдаг гэтэл ганцхан ээж нь л орондоо хэвтэж байснаас гадна гэр доторхийг харахад бидний зорьсон айл гэхэд нэг л тохирохгүй юм шиг санагдаж байлаа. Удалгүй хороон дарга ирж, бид ямар айлд очих хүсэлтэй байснаа учирлан хэлэхэд “Манай хороонд харьцангуй ядуу гэх тодотголтой айл бараг байдаггүй. Энэ айлыг сонгосоны учир нь аав нь олон жил групптэй, ээж нь сүүлийн хэдэн жил хэвтэрт, харин энэ айлын том хүү хүүхэд байхаасаа ажил хөдөлмөр хийж, ар гэрээ тэжээх гэж зүтгэж өдий зэрэгтэй яваа юм. Их хөдөлмөрч залуу. Энэ байшингаа өөрсдийнхөө хүчээр барьсан. Амьдралын төлөө зорьж, зүтгэж яваа сайн залуу. Хамгийн гол нь Монголд хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй гэр бүл нилээдгүй бий.Тэдний ар гэрийн амьдрал ямар байдаг вэ гэсэн бодит дүр зургийг хараасай гэсэндээ эднийхийг сонгосон юм” гэлээ. Үнэндээ өнөөдөр нийслэл хотод зам тээврийн осол, хөдөлмөрийн аюулгүй байдлаас болж гэмтэж бэртэн хөгжлийн бэрхшээлтэй болсон иргэдийн тоо жилд хэдэн зуугаараа бүртгэгддэг. Тэдний ард амьдарч байгаа үр хүүхэд, хань ижил нь ямар нэгэн байдлаар амьдрахын тулд их бага хэмжээгээр хөдөлмөрлөж байгаа болов уу. Тиймдээ ч манай зочин хүүхэд байхдаа хөгжлийн чадвараа алдаж, хөгжлийн бэрхшээлтэй болсон аавынхаа оронд аавын үүрэг гүйцэтгэж ирсэн ажээ.
-Аав нь хэвтэрт байдаг боловч биднийг очиход хоёулаа яаж хэвтээд байх вэ гээд ороо хураан боссон юм
-Бүтэн асаргаа шаардлагатай ээжийгээ харахаар ажлаасаа гарсан
-Юуны өмнө өөрийгөө танилцуулаач?
-Чулуунбатын Төрмөнх. Одоо 34 настай. Дөрвөн дүүтэй. Аавыг маань Жовоогийн Чулуунбат гэдэг, цэргийн хүн. Барилгачин мэргэжилтэй, барилга дээрээс унаж бэртээд 26 жилийн өмнө группт орсон. Ээжийг маань Цэрэндоржийн Цэцгээ гэдэг, УСУГ-т 34 жил ажилласан. Худаг дээр ус түгээгчийн ажлыг насаараа хийж байсан юм. Олон жил ус чийгтэй хүнд нөхцөлд ажиллаад бие нь муудаж, гурван жилийн өмнөөс хэвтэрт орж хүний асаргаа сувилгаа шаардах болсон. Дүү нар маань цөм том болсоон. Одоо хамгийн бага дүү маань оюутан. Бага дүүгээс бусад нь цөм гэр бүл, үр хүүхэдтэй.
-Одоо танай амьдралд хамгийн хэцүү хүндрэлтэй асуудал юу байна.
–Ажил. Бүгдээрээ тогтсон ажилтай, орлоготой болчихвол амьдраад байж болно.
-Одоо танайхнаас хэд нь ажил хийж байна
-Цөөхөн дөө. Уг нь манай дүү нар аавыг дууриасан гарын эв дүй сайтай. Барилгын засал чимиглэлийн ажлыг маш сайн хийж гүйцэтгэдэг. Гэхдээ тогтмол ажил олдохгүй болохоор Зуун айлын “JOBI” барилгын материалын гадна зогсож захиалга авдаг. Зун нэг дүү маань барилгын хувийн компанид хоёр сар шахам ажилласан ч цалинг нь өгөлгүй бултчихсан. Ер нь зарим барилгын компаниуд хувь хүмүүстэй гэрээ хийж ажлаа хийлгүүчихээд цалин хөлсөө өгөх болохоор бултчихдаг, эсвэл жаахан мөнгө өгөөд аргалчихдаг болчихжээ. Хүний итгэлийг алдалгүй, бусдыг хүндлэж, туслаж дэмжиж зөв бодолтой, зорилготой явах л хамгийн чухал зүйл. Дүү нараа ч ингэж л хүмүүжүүлсэн. Даанч хүний хөдөлмөрийг шулдаг хүн олон болсон бололтой.
-Сурагч байхдаа ажил хийдэг байсан уу?
-Тиймээ. Аав группт ороод, ээждээ туслахгүй бол манайх хэцүүхэн амьдралтай байсан юм. Айлын том хүүхэд болохоороо дүү нараа зөв чиглүүлэх нь л чухал байсан. Дүү нар жаахан, тэднийгээ өлсгөхгүй гэж Хүчит шонхор зах дээр тэрэг түрж, хүнд тусалж, чадна гэснээ л хийдэг байлаа. Гуравдугаар ангийн хүүхэд гэж өөрийгөө чамлалгүй мөнгө олж болох бүхий л ажлыг хийж байсан шүү.
-Анхны орлогоо аваад гэртээ ирэхэд ямар сэтгэгдэл төрж байв
-Ээждээ тус дэм болж чадах юм байна гэсэн бодол хамгийн түрүүнд төрсөн. Олсон мөнгөөрөө гэртээ тор дүүрэн хоол хүнс худалдаж аваад гэртээ орж ирэхэд, урдаас минь баяр хөөрөөр дүүрэн ширтэх дүү нарынхаа нүдийг харах л хамгийн жаргалтай мөч байсан даа. Дүү нараа баярлуулна гэдэг миний хувьд ядарснаа мартах аз жаргалтай, гайхамшигтай хором. / Энэ үед Төрмөнхийн нүдэнд хүүхэд нас нь харагдах шиг болсон болов уу. Түүний нүдэнд нулимс цийлэгнэж, хоолой нь зангирч байсан юм./
-Сурахын хажуугаар ажил хийх хэцүү л байсан байх
-Би харин хичээлээ сайн хийж байсан шүү. Ямар ч үед хичээл сургуулиа хийдүүлж яваагүй. Ер нь хүн эрдэм мэдлэгийг хамгийн түрүүнд тавих ёстой гэж би боддог. Дүү нартаач тэгж захиж ирсэн. Хамгийн гол нь зөв хүн болж, ямар ч ажлыг сэтгэлээсээ хийх хэрэгтэй.
20 жилийн хугацаанд барьж дуусгасан байшиндаа 15-уулаа амьдардаг
-Энэ гэрт өмнө нь амьдарч байжээ
-Энэ байшингаа өөрсдийнхөө хүчээр барьсан гэж байсан. Хэр хугацаа оров?
-20 жил. Дүү нартайгаа уйгагүй хөдөлмөрлөж, зорьсоны эцэст өнгөрсөн онд нүүж орсон доо. Бид энэ байшинд орохоосоо өмнө жижиг гэртээ бужигнадаг байсан юм. Байшингийнхаа суурийг тавичихаад бага багаар мөнгө төгрөгний боломж бололцоогоороо барилгын материалаа бэлдэж, урагш ахиулдаг байлаа. Манай байшин зах банзаар боссон. Сүүлд нь тоосгоор өнгөлсөн. Одоо ямар ч байсан олуулаа бужигнахад зай талбай томтой сайхан байнаа.
-Олуулаа бужигнадаг гэлээ. Дүү нар чинь, бас тэдний хүүхдүүд хаана байна
-Миний эхнэр хүүхэд, дүү нар гээд л 15-уулаа энд амьдардаг юм. Ойрд ээжийн бие жаахан тааруу байгаа. Дүү нар хүүхдүүдээ аваад хадмынх руугаа явсан. Олуулаа болохоор хоол унднаас өгсүүлээд хэцүү асуудал зөндөө л бий. Ямар ч байсан болгох гээд л хичээж явна.
-Таны зорилго
-Дүү нараа өөрийн гэсэн гэр оронтой болгож, тогтмол ажлын байртай болгох. Ажилтай байсан цагт бид алзахгүй ээ. Миний хувьд одоохондоо аав ээжийгээ асраад ажилгүй байгаа. Уг нь би хуульч, өмгөөлөгч мэргэжилтэй. Гэрт ээж аав минь сандаргаад байхад ажлаа хийгээд явах хэцүү юм билээ. Тэгээд гэртээ ээж, аавыгаа асарч байна. Миний хань ……. сайн бүсгүй бий. Намайг ойлгож, хүндэлдэг. Охин маань цэцэрлэгт саяхан орсон. Хүн ер нь том, бага гэлтгүй сурах ёстой бүхнээ цаг тухайд нь эзэмшиж байх ёстой гэж би боддог. Одоо охин дүүгээ ТИС –д тэтгэлгээр ч болтугай оруулчих юмсан л гэж бодож явдаг.
-Сүүлийн үед залуучууд архи, тамхи их хэрэглэх болж. Ер нь зөв хүмүүжил гэж юуг хэлдэг юм бол? -Миний хувьд архи тамхи огт хэрэглэдэггүй. Дүү нар маань ч адил. Архи тамхи гэдэг мөнгөний дайсан. Нөгөө талаар архи тамхины хэрэглээ нь хүний эрүүл мэндэд муу нөлөөтэйгээс гадна ажил хөдөлмөрийн бүтээмж, ирээдүйн зорилгыг нь мартагнуулж орхих вий. Хамгийн гол нь залуучуудад ажлын байр хэрэгтэй байна, ажилтай л бол ингэж архидах нь багасна.
Миний дүү нар хоороондоо их эвтэй, нэг хүсэл зорилготой байж ирсэн хэмээн бахархах Төрмөнхийн хэлэх дуртай үг нь “Санаж явбал бүтнэ”. Үнэхээр хүн гэдэг амьдралдаа зорилготой, өмнөө зорилго тавиад уйгагүй байж чадьвал амжилтанд хүрдэг юм гэдгийг өөрийнхөө амьдралаар нотолжээ. 20 жилийн хөдөлмөр шингэсэн байшиндаа анх ороход “Хийж чаддаг юм байна” гэсэн дэврүүн бодол төрсөн гэдэг. Одоо хашаандаа ногоогоо тарьж, жимсний мод ч тарьсан гэнэ. Жаахан дүү нараа асарч, халамжилж, тэднийхээ хоол ундыг залгуулах үүргийг ээжтэйгээ хамт үүрэлцэж, аавынхаа сэтгэлийн шархыг анагааж өгсөн гуравдугаар ангийн тэр хүү өнөөдөр Төрмөнхийнх гэдэг айлын аав нь. Гэвч айлын том хүүхэд гэдэг хэзээд дүү нартаа, аав ээждээ анхаарал халамжаа тавьсаар л байдгийн тод жишээ болсон тэрээр чөлөөт бөхөөр хичээлэж байсан ажээ. Хэрвээ Цагаан сарын өмнө ахмадуудад амласан сая төгрөгөө өгсөн бол манай амьдрал их л нэмэр болох байлаа гэж тэрээр шүүрс алдан хэлж байсан. Үнэхээр ард түмэнд хүлээлт үүсгэсэн “нэг сая төгрөг” тараагдсан бол эднийд эзнээ олсон хуваарилалт байх байжээ. Гэхдээ яах вэ? Авах юм учиртай гэж инээмсэглэн суух түүнийг дүү Төртогтох нь ихэд магтсан юм. Магтахаас ч аргагүй гуравдугаар ангиасаа л дүү нарынхаа төлөө бүхнийг зориулсан ахдаа баярлахаас ч яахав. Амьдралд саад бэрхшээлтэй, зовлонтой үе олон тохиолдох ч элэг бүтэн амьдрал л манай гэр бүлийн аз жаргал. Өнөөдөр хоолгүй байх үе тохиолдох ч маргааш ажил хийгээд л мөнгөтэй болчихно, энэ чинь амьдрал шүү дээ гэж ирээдүйдээ итгэж суугаа Төрмөнх шиг олон залуучууд монголд бий. Тэд төр засгаас их юм хүсээгүй, зүгээр л ажлын байраар хангаад өгөөч, тогтмол цалингаа авчихдаг ажилтай л болмоор байна. Сэтгэл зовохгүй цалингаа авдаг болчихвол бид алзахгүй ээ хэмээн инээмсэглэж суусан түүний “Санаж явбал бүтнэ” гэдэг үг олон залууст урам хайрлаасай.
П.Наран Т.Ариунаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ