
МАН-ынхан засгийн эрхийг дангаар барих болсноор улс төрийн амьдрал цаг минутаар хувьсан өөрчлөгдөж байна. Тус намын УИХ дахь бүлэг, Удирдах зөвлөлтэйгөө ойр ойрхон хамтран хуралдаж шинэ Засгийн газрын ам бүлийг бүрдүүлсэн.
Гүйцэтгэх засаглалын хөдөлгүүрийг жигд ажиллагаатай болгосон болохоор дараагийн ажилдаа оржээ. Тэр нь парламентын бүтэц зохион байгуулалт. Өчигдөр орой 21 цаг өнгөртөл хуралдсан тус намын бүлгээр УИХ-ын байнгын хорооны дарга нарыг өөрчлөх, шинээр томилох асуудлыг хэлэлцсэн байна.
Ямар боловч АН-ын бүлгийн гишүүдийн удирдаж байсан байнгын хорооны дарга нарын халааг МАН-ын бүлгийн гишүүд авах болсон байна. Тухайбал, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга П.Алтангэрэлийн оронд Д.Балдан-Очир, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Я.Батсуурийн оронд Э.Мөнх-Очир, Сангийн сайд болоод явсан Х.Хаянхярваа даргын оронд О.Чулуунбат нар очихоор олонхийн дэмжлэг авсан байна.
Мөн МАН-ын бүлгийн гишүүн Д.Очирбат Нийгмийн бодлого, боловсрол соёл шинэлэх ухааны байнгын хорооны даргын халаагаа А.Тлейхан гишүүн өгөх болж байгаа аж. Харин Хууль зүй, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга нар улиран ажиллах гэнэ.
Мөн үлдсэн бүрэн эрхийн хугацаанд шаргуу ажиллахын тулд УИХ дахь дэд хороодыг нэмж байгуулан ажиллуулах санал ч гараад дэмжигдсэн байна. Өнөөдөр уг бүлгийн хурлын шийдвэрийг байнгын хороодоор хэлэлцүүлэн маргааш болох чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж батлахаар болсон байна.
Б.Ургамал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ