Хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллогын дэлгэрэнгүй судалгаанууд хэрэглэгчдэд хүрлээ

img

Хүн ам, орон сууцны тооллого бол хүн ам зүй, нийгэм, эдийн засаг, орон сууцны нөхцлийн талаарх суурь мэдээллийг агуулсан, дүнг нь нутаг дэвсгэрийн нэгжийн хамгийн бага, түүнээс нарийвчилсан түвшинд гаргах боломжтой цорын ганц мэдээллийн эх үүсвэр юм. Тооллого зохион байгуулж явуулах нь төрийн бүх шатны байгууллага, аж ахуйн нэгж, иргэний үйл ажиллагааг тусгай хуулиар зохицуулсан, хөрөнгө, хүн хүч шаардсан хамгийн том компанит ажил билээ.

Монгол Улсын Засгийн газар “Хүн ам, орон сууцны улсын тооллогын тухай хууль”, НҮБ-ын гишүүн орны хувьд олон улсын өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, хүн ам, орон сууцны тооллогоо “Хүмүүнд төр эрхэм, төрд хүмүүн эрдэнэ” уриан дор 2010 оны 11 дүгээр сарын 11-нээс 17-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулж явуулсан. Өнгөрөгч 2011 онд хүн ам, орон сууцны тооллогын нэгдсэн дүнд үндэслэн 12 төрлийн сэдэвчилсэн судалгааг мэргэжлийн байгууллага, эрдэмтэн судлаачдын оролцоотойгоор боловсруулж, хэрэглэгчдийн хүртээл болгоод байна. Цаашид улсын болон аймаг, нийслэлийн хүн амын 2040 он хүртэлх хэтийн тооцоо, нас, хүйсийн бүтцийн шинжилгээ, хүн ам зүй, нийгэм, эдийн засгийн үндэсний атлас, аймаг, нийслэлийн тооллогын нэгдсэн дүн зэрэг судалгаа хэвлэгдэж, англи хэл дээр орчуулагдана.

Тооллогын мэдээллийг газар зүйн мэдээллийн системд холбож, өрхийн түвшинд хүн ам зүй, нийгэм, эдийн засаг, орон сууцны нөхцлийн үзүүлэлтийг байршлаар гаргаж, төлөвлөлт хийх бололцоотой програм хангамж боловсруулж, холбогдох байгууллагууд цахим хуудсаар ашиглаж эхэлсэн. Мөн тооллогын үр дүнг хэвлэмэл бүтээгдэхүүнээс гадна электрон болон цахим хэлбэрээр, DVD, CD-гээр гаргаж, хэрэглэхэд илүү хялбар байдлаар тархааж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ