
“Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаарт Их аварга Д.Дагвадорж согтуурсан үедээ бусдын биед мэс хүргэсэн гэх мэдээлэл нийтлэгдсэн юм. Энэхүү мэдээллийн мөрөөр Д.Дагвадорж аварга манай редакц руу утасдаж “Аль сонинд, хэн гэдэг сэтгүүлч ийм юм бичсэн байна, би хотын ойролцоо явж байх юм даа, сар шинэ болж байхад ийм муухай бэлгэгүй юм ямар зорилгоор бичдэг байна аа.
Би хэн нэгний биед хутга мэс хүргэсэн зүйл огт байхгүй, ямар муухай хүмүүс вэ” хэмээн халаглан ярьсан билээ.
Тэрбээр ямар зорилгоор ийм үндэслэлгүй мэдээлэл цацсанаа “Өглөөний сонин”-ынхон тайлбарлах биз гэж нэмж хэлсэн билээ.
Харин уг мэдээллийг нийтэлсэн “Өглөөний сонин”-ы Эрэн сурвалжлах албанынхан баттай эх сурвалжийн мэдээлэл учраас манай сонин бусдын нэр төрд халдаагүй гэв. Тэд “Бид эхнээсээ хэн нэгний нэр төрд халдах зорилго агуулаагүй. Бодитой мэдээллийг л үнэн зөвөөр уншигчдадаа хүргэсэн.
Харин Д.Дагвадорж аварга дүүргийн цагдаагийн хэлтэст бүртгэлтэй байгаа энэ мэдээллийг огт болоогүй мэтээр тайлбарлаж, үгүйсгэж байгаад харамсаж байна. Тийм учраас манай сонин өөрсдийн байр суурийг маргаашийн дугаараараа дамжуулан уншигчдадаа хүргэх болно” гэсэн тайлбар хийлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ