Жижиг, дунд үйдвэрлэл эрхлэгчдийг татварын бодлогоор дэмжинэ
Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдын санаачилгаар жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн улсын анхдугаар зөвлөлгөөн Төрийн ордонд хоёрдахь өдрөө үргэлжилж байна. Өнгөрсөн сар гаруй хугацаанд Монгол орон даяар жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид хуран чуулсан бөгөөд одоо тэд нэгдсэн зөвлөлгөөнөө ийнхүү хийж байгаа аж. Орон нутгийн үйлдвэр эрхлэгчдийн 1000 гаруй төлөөлөгчид зөвлөлгөөнд хүрэлцэн иржээ. Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд зөвлөлгөөний хоёр дахь өдрийн хуралдаанд оролцож, тэдэнд хандан үг хэллээ.
Монгол улсын Засгийн газраас жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих талаар томоохон бодлогуудыг хэрэгжүүлж эхлээд байгаа бөгөөд тодорхой үр дүнг ч өгч байгааг Засгийн газрын тэргүүн тэмдэглэж байна. Ажлын байрыг нэмэгдүүлэх, баялагийг тэгш хуваарилах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, бизнес эрхлэх таатай орчин бүрдүүлэх, хөрөнгө оруулалт, зээлийн онцгой нөхцөл бий болгох, хууль эрх зүйн хувьд жижиг дунд үйлдвэрлэл, өрхийн бичил бизнес эрхлэгчдийг дэмжихэд ихээхэн анхаарч ирлээ. Тухайлбал, Жижиг, дунд үйлдвэрлэл, өрхийн бичил бизнесийг татвараас гадна санхүүгийн хувьд дэмжих механизмыг бүрдүүлэх эхлэлийг тавьж, энэ бодлогын хүрээнд:
- Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олгож байгаа зээлийн дээд хэмжээ 50 сая байсныг 500 сая төгрөгт хүргэлээ.
- Зээлийн хугацааг 3 жил байсныг 5 жил, хүүг жилийн 12 хувьтай байсныг 7 хувь болгох зэрэг санхүүгийн хөнгөлөлтүүдийг бий болголоо.
- 2006-2008 онуудад 3 тэрбум төгрөгийн төсвийн эх үүсвэрээр жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд хөнгөлттэй зээл олгож байсан бол 2009-2010 онуудад энэ үзүүлэлт 60 тэрбум болон нэмэгдэж эргэн төлөлтөөс зээл олгох боллоо.Ингэснээр жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид зээл авах, зээлийн хэмжээ нэмэгдэх, зээлийн хүү буурах, санхүүгийн дэмжлэгт тулгуурлан хөгжих боломжоор хангагдаж байгааг Ерөнхий сайд С.Батболд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн улсын зөвлөлгөөнд оролцогчдод хандан хэлсэн үгэндээ тэмдэглэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ