
УИХ-ын ээлжит сонгууль дөхөж улс төр буцлаж байгаа энэ өдрүүдэд төрийн албаны халаа сэлгээ эд үргэлжилж байна. Ойрын хугацаанд гэхэд Үндсэн хуулийн цэц, Төрийн өмчийн хороо, Орхон аймгийн Засаг дарга, Батлан хамгалаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын суудал эзэнтэй болох нь.
Эдгээрээс хамгийн сонирхолтой мэдээллээс эхлэж дуулгахад, Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж гэнэт Хүний эрхийн комиссын даргаар томилж, суудалд нь Улсын Ерөнхий прокурор асан М.Алтанхуягийг томилохоор зүтгүүлсэн түүнийг долдугаар сарын 1-ний хэрэгтэй холбоотойгоор томилуулж чадаагүй. Харин одоо түүний оронд ТӨХ-ний даргын ажлаа өгөөд байгаа Д.Сугарыг томилохоор хүчтэй зүтгүүлж байна.
Харин Д.Сугарын орыг залгах эзнийг тодруулах сонгон шалгаруулалтын бүртгэл ирэх сарын 21-22-ны өдөр явагдахаар болжээ. Дээрх албан тушаалд нэр дэвшигчдээс энэ сарын 27-нд шалгалт авах тов гарсан байна.
ТӨХ-ны дарга Д.Сугарын суудлыг залгах Төрийн өмчийн удирдлага, хувьчлалын газрын дэд дарга Х.Хэрлэн, Энэтхэг улсад суух Монгол Улсын Элчин сайдаар ажиллаж байсан В.Энхболд нарын нэрс хүчтэй яригдаж байгаа. Элчин сайд В.Энхболдын хувьд өнгөрсөн оны сүүлээр өөрийн саналаар эх орондоо ирсэн билээ. Х.Хэрлэнгийн хувьд өмнө нь АМХЭГ-ын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа газрын наймаа эрхэлсэн, лиценз нааш цааш болгосон гээд нэлээд хэл аманд орж байсан нэгэн.
Харин Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Борбаатар ажлаа өгснөөс үүдэн тус яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга, дэд хурандаа Ш.Сүхбаатарыг үүрэг гүйцэтгэгчээр томилоод удаж байгаа.
Одоогоор Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын суудалд ЗХЖШ-ын дарга асан, дэслэгч генерал Ц.Тогоо, тус штабын газрын дарга асан, хошууч генерал Я.Чойжамц, Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ш.Сүхбаатар, тус яамны гадаад хамтын ажиллагааны газрын ахлах мэргэжилтэн, хурандаа Х.Болдбат гэх мэт хүмүүс сонгон шалгаруулалтад орох төлөвтэй байгаа ажээ.
Х.Болдбатын хувьд Говь-Алтай аймгийн хүн тул тус салбарын шинэ сайд нутгийн ах энэ суудалд зүтгүүлэх магадлалтай байгаа. Харин Г.Сайханбаярыг МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх зүтгүүлнэ гэж ярьж буй бол дэслэгч генерал Ц.Тогоогийн хувьд МАН-ын нөлөө бүхий хүн бөгөөд энэ салбартаа нэр нөлөө бүхий хүн гэдэг утгаараа санал авах магадлалтай гэцгээж байна.
Мөн Цөмийн энергийн газрын дарга Д.Энхбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар өнгөрсөн сарын 18-нд гаргасан. Уг шийдвэрийг Д.Энхбат эсэргүүцэж, шүүхэд хандсан.
Анхан шатны шүүхээс Д.Энхбаттай холбоотой захиргааны хэргийн маргааныг гурван шатны шүүхийн шийдвэр эцэслэн гартал Цөмийн энергийн даргын суудалд өөр хүн томилохгүй байх шийдвэр гаргасан.
Гэвч шүүхийн энэ шийдвэрийг хүлээлгүй түүний суудалд суух сонирхолтой хүмүүсийн цуваа МАН-ын удирдлагууд руу хөвөрч байгаа дуулдсан.
Мөн саяхан МАН-ын Удирдах зөвлөлийн хурал дээр Орхон аймгийн засаг дарга Д.Оюунбатын оронд томилогдох хүнийг тодруулах асуудал хөндөгдөж, УИХ-ын гишүүн асан Ё.Баярсайханыг нэр дэвшүүлсэн.
Уг албан тушаалд Ё.Баярсайханаас гадна “Эрдэнэт” үйлдвэрийн Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч З.Ганбат, Ц.Бат-Энх, аймгийн Гаалийн газрын дарга Винтов нарын нэр дэвшиж байсан.
Тэдгээрийн хэнийг Орхон аймгийн Засаг даргаар томилохыг энэ сарын 9-ний өдөр буюу аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар шийдэхээр болжээ. Мөн удахгүй Гадаад харилцааны яам, Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга нарын орыг залгах хүмүүсийн нэрсийг тодруулах юм байна.
С.Заяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ