Манай гаригийн эмгэнэл
Өчигдөр ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров дагалдан яваа хүмүүсийн цувааг Сирийн нийслэл Дамаск хотноо очиход ерөнхийлөгч Башар Ассадыг дэмжигч нийслэлийн иргэд халуун дотноор угтан авсан байна.
Иргэд ОХУ-ын туг далбааг барьж зам дагуу жагссан байх бөгөөд хэд хоногийн өмнө НҮБ-ын Аюулгүйн зөвлөл дээр Сирийн эсрэг арга хэмжээг хориг тавин зогсоосонд нь оросуудад ихэд талархаж буйгаа илэрхийлж байлаа.
Сергей Лавров, Башар Ассад нарын уулзалт ажиглагчдын үзэж байснаас богино хугацаанд болж өнгөрсөн. Уулзалтын дараа сэтгүүлчдэд хийсэн мэдэгдэл болон Итар Тасс агентлагаар цацагдсан мэдээлэлд ОХУ-аас тавьсан гал зогсоож сөрөг хүчнийхэнтэй хэлэлцээрийн ширээний ард суух саналыг Сирийн ерөнхийлөгч хүлээн авсан тухай дурджээ.
Олон улсын ажиглагчид үүнийг Башар Ассадын ээлжит цаг хожих гэсэн оролдлого хэмээн үзэж байгаа.
Сирийн засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас Сергей Лавров, Башар Ассад нарын уулзалтын дараа хийсэн мэдээлэлд дурдсанаар “Сирийн засгийн газар нь улс орныхоо төлөө алан хядагч болон бусармаг, хууль бус аргаар төрийн эрхийг авахыг хүссэн, арабын хавар нэртэй хувьсгалын давалгаагаар далимдуулж төрийн эргэлт хийж улс оронд тогтворгүй байдал үүсгэхээр завдсан гадаадын хатгалгын эсрэг ийнхүү тэмцэж байгаа юм” хэмээжээ.
Засгийн газрын тайлбараар бол одоо Сирийн хамгийн халуун цэг болоод буй Хомс хот нь алан хядагч болон төрийн эрхийг авах гэсэн зэвсэгт бүлэглэлүүдийн үүр уурхай болоод буй бөгөөд тэднийг дарахаар тулалдаж буй Сирийн зэвсэгт хүчнийг энгийн иргэдийг хоморголон хөнөөж буй мэтээр худлаа мэдээлэл цацаж буй барууны хэвлэлүүдийг буруутгасан байна.
Гэсэн хэдий ч Сирийн засгийн газрын мэдээлэлд итгэхэд бэрх юм.
Хомс төдийгүй Сирийн олон хотод мөргөлдөөний хөлд олон зуун гэмгүй номхон иргэд өртөж амиа алдсаар байгаа юм.
Сирийн армийнхан хэдийгээр сөрөг хүчний эсрэг тулалдаж буй хэдий ч нийт ард иргэдийн санаа бодол ерөнхийлөгч Башар Ассадын эсрэг байгаа учраас тэдний зүгт ч мөн бууныхаа амыг хайр найргүй чиглүүлсээр байгаа аж.
Үүнийг Сирид сурвалжлагчдаа ажилуулж байгаа олон улсын мэдээллийн агентлагууд гэрэл зураг, видео бичлэг зэрэг хөдлөшгүй баримтаар нотолж байгаа юм.
Нэгэн бичлэгт Сирийн Хомс хотын нэгэн иргэн “Ерөнхийлөгчийнхөө дэглэмийг эсэргүүцсэнийхээ төлөө Засгийн газрын цэргүүдэд хайр найргүй хядуулж байгаа Сирийн ард түмнийг юу ч хийлгүй ажиглаж байгаа хүн төрөлхтөнд баярлалаа” гэсэн утга бүхий харууслын үгс хэлсэн нь телевизүүдээр цацагдаж байлаа.
Олон улсын хүний эрхийн байгууллагууд хүртэл Сирийн байдал хяналтаас гарч байгаатай эвлэрч эхэллээ.
Тэдгээр байгууллагууд төлөөний шинжээчдээ Сирид ажиллуулж өдөрт хэдэн хүн амь үрэгдэж буй тухай мэдээллийг тогтмол цацдаг байсан ч сүүлийн үед байдал улам хурцдсантай холбогдуулан мэдээллээ зогсоосон юм. Учир нь Сирид одоо амиа алдаж буй хүмүүсийн тоо замбараагаа алдаж нарийн тооцоолоход бэрхтэй болсон аж.
Байдал нэгэнт ийм болсон хойно ОХУ төлөөлөгчдөө илгээж хямралыг зохицуулах арга хэмжээ авч буй нь нэгэнт оройтсон тухай барууны орнууд мэдэгдэж эхэлж байна.
Өчигдөр Сергей Лавров, Башар Ассад нарын уулзалтын үр дүнг анхааралтай ажиглаж байсан АНУ-ын төрийн департаментаас мэдэгдэл хийжээ. Энэхүү мэдэгдэлд Оросуудын Башар Ассадтай хийсэн тохиролцоо одоо нэгэнт Сирид үүсээд буй нөхцөл байдлыг арилгах боломжгүй бөгөөд цаг үрсэн алхам болно хэмээсэн байна.
CNN агентлагийн гэрэл зурагчид сүүлийн үед Сирийн Хомс хотод ажиллан бодит байдлыг газар дээрээс нь идэвхтэй мэдээлж байгаа билээ. Та бүхэн CNN-ий гэрэл зурагчдын дуранд өртсөн Хомс хотод амиа алдаж, шархдсан иргэдийн төрхийг доорхи зургуудаас харж болно.
Яг одоогийн байдлаар Хомс хот хүмүүс хамгийн олноороо амиа алдаж буй манай гаригийн аймшигт цэг болоод байгаа юм.
О.Нар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ