“Уул уурхайн шилдэг сэтгүүлч”-ийг шалгаруулна

img

Олон улсын хөрөнгө оруулагчдын “Coal Mongolia-2012” чуулга уулзалт өнөөдөр эхэллээ. Энэ удаагийн чуулга уулзалтыг “Нүүрс-Монголын эдийн засгийн эрчимтэй хөгжлийн хурдасгуур” уриан дор зохион байгуулж байна. Гадаад, дотоодын нийт 250 гаруй байгууллагын төлөөлөгчид оролцож буй тус чуулга уулзалтын нэг онцлог нь “Монголын нүүрсний салбарын хөгжил, сорилт ба боломжууд” сэдвээр салбарын лидерүүдийн дунд хэлэлцүүлэг өрнүүлнэ. Өөрөөр хэлбэл, ЭБЭХ-ний сайд Д.Зоригт, “General Electric” компанийн ахлах дэд ерөнхийлөгч Кристофер Харрис, “Энержи ресурс” компанийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл, “Hunnu Coal” компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Т.Лхагвадорж, “Gemcom Software Australia” компанийн Азийн бүс хариуцсан захирал Саймон Вагхорн, Ерөнхий сайдын зөвлөх Б.Лхагважав зэрэг лидерүүд оролцсон, цэвэр бизнесийн уур амьсгалтай хэлэлцүүлэг өрнөх болно. Үүнээс гадна нүүрсний салбарын шилдгүүдийг шалгаруулахаар төлөвлөжээ. ЭБЭХ-ний сайдын нэрэмжит “Нүүрсний салбарын оны шилдэг хүн”, “Нүүрсний салбарын оны шилдэг олборлогч”, “Оны шилдэг хайгуулын компани”, мөн “Шилдэг үзэсгэлэн гаргагч”, “Уул уурхайн шилдэг сэтгүүлч”-ийг шалгаруулна. Чуулганд АНУ, Орос, БНХАУ, Канад, Австрали зэрэг улсын Элчин сайд нар оролцох юм. Энэ хүрээнд чуулга уулзалтаар эрчим хүчний болон коксжих нүүрсний төслүүдийн шинэчлэгдсэн мэдээлэл өгөхөөс гадна Монголын гадаад зах зээл дэх гол хэрэглэгчид ба өрсөлдөгчид, стратегийн чиг хандлага, татвар хууль эрхзүйн орчны тулгамдсан асуудал, Хятад, Солонгос, Японы коксжих нүүрсний зах зээлийн төлөв, нүүрсний салбар дахь уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн эрхзүйн зохицуулалт, уул уурхайн салбарын дэд бүтцийн тулгамдсан асуудал зэрэг салбарын бүхий л асуудлыг хамарсан өргөн сэдвээр илтгэл, хэлэлцүүлэг өрнөх юм. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ