Программын туршилт хийж байна

img

Улсын Дээд шүүх, Германы Олон улсын Хамтын Ажиллагааны нийгэмлэгийн “Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах” төсөлтэй хамтран шүүхийн мониторингийн төслийн хүрээнд хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны программ хангамжийг шинээр нэвтрүүлэх ажил хийж байгаа билээ. Уг программыг өнөөдрөөс эхлэн Чингэлтэй дүүргийн шүүхэд туршиж эхэлжээ. Программын талаар сургалтыг Чингэлтэй дүүргийн шүүхэд долоо хоногийн туршилт явуулж, үр дүнг тооцох аж. Мөн Чингэлтэй дүүргийн шүүхээс гадна Баянгол дүүргийн шүүх, Өмнөговь, Орхон аймгийн шүүхүүдэд түшиц шүүх маягаар нэвтрүүлэх бэлтгэл ажил хийгдсэн байна. Ийнхүү туршилтын үр дүнгээс шалтгаалан цаашдаа бүх шүүхүүдэд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны программ хангамж шүүхэд нэвтэрснээр шүүхийн үйл ажиллагааны шинэчлэлд чухал хувь нэмэр оруулах бөгөөд шүүхийн нээлттэй ил тод, хүртээмжтэй байдалд том нөлөө үзүүлэх аж. Мөн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг орчин үеийн техник, технологийн дэмжлэгтэйгээр хөнгөвчлөх, түргэн шуурхай, ил тод болгох зорилтыг хэрэгжүүлснээр иргэний хэрэг шийдвэрлэх ажиллагаанд хэргийн хуваарилалт, статистик мэдээ, иж бүрэн мэдээллийн сан, боловсронгуй бүртгэлийн болон хайлтын систем, ажил үүргийн хуваарилалтыг тэнцвэржүүлэх боломж бүхий дотоод хяналтын системтэй болох аж. Түүнчлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны чанарт өөрчлөлт гарч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчих алдаа арилж, ажлын чанар сайжрах ач холбогдолтой юм байна. Н.Бүжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ