
Орон нутагт ажлын байр бий болгож хөдөлгөөний эрчим багатай замыг хямд өртгөөр барих төслийг Япон улсын “ЖАЙКА” байгууллагын техник туслалцааны “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж байгаа. Тэрчлэн Булган аймгийн төвийн гэр хороололд барьсан замыг хүлээн авах, ажилгүй иргэдийг сургалтад хамруулан уг замын ажилд дадлагажуулсан сертификат олгох ажиллагаа Булган суманд болов.
Энэ үеэр “Иргэдийн оролцоотойгоор хөдөлгөөний эрчим багатай замыг хямд өртөгөөр барих арга ажиллагааг орон нутагт дэлгэрүүлэх ” Япон, Монголын хамтарсан семинарыг зохион байгуулж ЗТБХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-эрдэнэ, У.Бямбасүрэн, Японы ЖАЙКА байгууллагын суурин төлөөлөгчийн газрын дарга Тошинори Исогай, АЗГ-ын дарга Б.Энхтөр, Булган аймгийн Засаг дарга М.Оюунбат нар болон Булган, Сэлэнгэ, Дархан, Орхон, Төв зэрэг аймгуудын Авто зам засварын компаниудын захирлууд, бүх аймгуудын Тээвэр замын газрын дарга нар, ЖАЙКА байгууллагын инженерүүд оролцов.
Японы мэргэжилтнүүдийн заавар зөвлөлгөөгөөр төслийн ажилтнуудын боловсруулсан “Битумэн гадаргуун боловсруулалт бүхий хучилт барих” гарын авлагын дагуу хямд өртгөөр зам барих технологи дамжуулах энэ төслийг хэрэгжүүлэх ажил 2004 оноос эхэлсэн бөгөөд ЗТБХБЯ, НХХЯ, Японы талын гурван талт санамж бичигт зургадугаар сард гарын үсэг зурсан билээ.
Мөн Засгийн газраас дэвшүүлсэн ажлын байр бий болгох зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд энэ төслөөр орон нутгийн ажилгүй иргэдийг сургаж дадлагажуулан замын ажилд ажиллуулж байгаа нь ач холбогдолтой юм.
Тиймээс 21 аймгийн Засаг дарга, Тээвэр замын газрын дарга, Зам засварын компаниудын захирлуудыг оролцуулсан семинарыг ЗТБХБЯ, НХХЯ, Японы улсын элчин сайдын яам, ЖАЙКА байгууллагаас хамтран өнгөрсөн онд зохион байгуулсан ажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ