Хотын удирдлагууд Нийслэл хүрээний түүхээр хичээл заав

img

Өнөөгийн Улаанбаатар хотыг “Нийслэл хүрээ” хэмээн нэрлэхээр тогтсоны 100 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн удирдлагууд Ерөнхий боловсролын сургуулиудаар зочилж, Нийслэл хүрээний түүхээр хичээл заалаа. Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг Баянгол дүүргийн 73 дугаар сургуулийн 9 в бүлгийн хүүхдүүдэд нийслэл хүрээний түүхтэй холбоотой, олонд дэлгэгдээгүй ховор сонин зургуудыг сонирхуулж, чухал чухал тоо баримт, мэдээллээр хүүхдүүдийн мэдлэгийн хүрээг тэлсэн юм. Мөн хотын иргэн ямар соёлтой байх талаар сонирхолтой жишээ баримтаар ярьж сонирхуулжээ. Улаанбаатар хотод байгаа сургуулиудаас ганцаараа дотуур байртай тус сургуульд эдүгээ 1003 хүүхэд суралцаж байна. Байгуулагдаад 50 гаран жил болж буй 73 дугаар сургуулийн засварт зориулж хотын төсвөөс 80 сая төгрөг шийдсэнээ хотын нэгдүгээр орлогч сургуулийнханд дуулгасан. Биеийн тамираар тэргүүлдэг, төгсөгчид нь дараагийн шатны сургуулиудад амжилттай элсдэг “төмөр замын сургуулийнхан” сурлагын өндөр амжилттай шинэ оноо угтжээ. Н.Дэлгэр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ