УИХ-ын гишүүн Кёкүшюзан Д.Батбаярыг энэ удаагийн “Грашиндаа” буландаа урьж ярилцлаа.
-Та хэчнээн машинтай вэ. Грашинд таны байгаа “М-1” анхаарал их татлаа?
-Хоёр, гурван л машин байгаа. Хөдөө явдаг, хотод унадаг машин бий. Энэ машинаа бараг унадаггүй юм.
-Энэ машины түүхийг яривал их сонирхолтой байх?
-1916 онд анх энэ загварын машиныг АНУ-д үйлдвэрлэсэн юм билээ. Тэгээд 1934 онд Москва патентийг нь аваад 16 ширхэгийг үйлдвэрлэсэн. Орост үйлдвэрлэсэн энэ машиныг тухайн үед Сталин гэдэг нэрээр гаргах гэж байсан боловч Сталин машины чанарт эргэлзэн өөрийн нэр төр унахаас сэргийлэн, Молотовын нэрээр нэрлэсэн гэсэн. Ингээд энэ 16 машин Молотов-1 буюу М-1 нэртэйгээр гарсан гэдэг. Эдгээр машинуудаа тухайн үед харилцаа сайтай байсан орныхоо удирдлагууд руу нэг нэг ширхэгийг бэлэглэсэн. Үүнийг нь манайхаас маршал, Х.Чойбалсан гуай авсан юм билээ. Х.Чойбалсан гуайн яг энэ машинтайгаа маршид оролцож байгаа зураг түүхэн фондод олон байдаг. Монголын түүхэнд нэрээ мөнхөлсөн мундаг хүний эдлэж явсан зүйл гээд би машинаа хүндэтгэж явдаг. Гэхдээ нэг сонин зүйл саяхан болсон.
-Юу?
-Гэртээ хэдэн найзтайгаа хоол идэж байсан чинь грашинд юм дуугараад болдоггүй. Ямар ч хүн орох боломжгүй болохоор нь гайхаад очоод үзсэн чинь манай нэг найз “Дотор нь нэг цэргийн хүн явж байх шиг байна шүү дээ” гэдэг юм. Бүгдээрээ гайхаж байснаа Х.Чойбалсангийн сүнс нь юм байх даа. Ямар аймар юм бэ. Тухайн үед байсан ганц л машиныг унаж байсан болохоор түүндээ хорогдсон юм болов уу гээд бөөн юм болсон.
-Ийм машинуудыг олоход их хэцүү гэдэг юм билээ. Та энэ машинаа хэзээ, яаж авсан бэ?
-Аваад хоёр жил л болж байна. Цэрэндорж гэдэг манай найз хийморьтой хүн эдлэж явсан хүний эдийг төр түшилцэж яваа найз минь унаж байг гээд бэлэглэсэн. Энэ машин их олон хүний гар дамжсан. Анх нэг хүн Засгийн газрын авто баазаас л авсан гэсэн. Тэгээд нэг ХЗХ-нд барьцаанд тавиад хураагдаад, нөгөө ХЗХ нь дампуураад зарагдсаар байгаад эцэст нь надад бэлгэнд ирсэн.
-Олон хүний гар дамжсан эртний эд гэхэд их гоё хадгалагдсан юм байна лээ?
-Тийм шүү. Их цэвэрхэн хадгалагдсан болохоор би хайрлаж унадаг юм. Авснаасаа хойш доторхи салоныг нь л солисон. Өөр зүйлд нь нэг их гар хүрээгүй. Мотор нь харин хуучирсан тул олон удаа солисон. “УАЗ-69”-ийн мотор л зүгээр юм билээ.
Байлдааны гавъяаны улаан тугийн одонтой машин
-Хуучны машин учраас засвар их ордог уу. Үнэ өртөг нь ямар вэ?
-Олон жил болж байгаа эд учраас нэг гэм нь засвар их ордог. Нэг сайхан янзлаад авбал 1-2 сардаа гайгүй явна. Тэгээд л эвдэрчихдэг. Засварын үнэ өртөг гээд байх сүйдтэй зүйл байхгүй. Оросын хуучны машинуудын сэлбэгийг аваад л янзалдаг.
-Асаахад жаахан хэцүү юм шиг байна лээ. Консс энэ тэр нь сул болохоор жаахан эвгүй юм шиг санагдсан?
-Асаахад хэцүү. Нэг асчихвал гайгүй л дээ. Ойрын үед жаахан хүйтэн байгаа, дээрээс нь тос, маслыг нь солиж амжаагүй болохоор тэгэж байгаа байх.
-Таны энэ машин чинь мэр сэр кинонд “тоглоод” байдаг юм байна лээ. Ямар кинонуудад орсон бэ?
-Сталины тухай нэг түүхэн кинонд тоглосон. Одоо МҮОНРТ-ын хийж байгаа ОХУ-ын түүхэн 60 ангит кинонд “тоглож” байгаа.
-Өнгөрсөн зун МАН-ын кинонд та өдрийн 1.5 сая төгрөгөөр машинаа түрээсэлсэн гэсэн мэдээлэл гарсан байсан?
-Тийм зүйл байхгүй. Манай жолооч нар намайг граш руу ордоггүй болохоор тийм зүйл хийгээд байгаа юм уу. МАН-ын сонгуулийн юманд яваад байгаа юм биш биз. /инээв/
-Энэ машиныг хотоор унаад явбал сонин мэдрэмж төрнө байх?
-Өнгөрсөн зун наадмаар Баясаа бид хоёр хотоор унаж явсан. Харсан хүмүүс гоё байна л гээд байсан.
-Та энэ машинаа хэр их унадаг вэ?
-Би өөрөө нэг их унадаггүй. Ч.Батзориг заанаар машинаа их бариулдаг юм. Хоёулаа чихэлдээд суучихна. Цаадах чинь Кёкүшю жоохон цаашаа байж бай, би эргүүлээд байхъя гээд л бөөн юм болно. Харин Баясаа энэ машин, манай гэрийн гадаа байсан байлдааны “Камаз” энэ тэрийг маш сайн барьдаг юм. Би гайхаад байдаг юм. Эмэгтэй хүн хэрнээ ийм зүйлд их эвлэгхэн шүү. Би Баясаатай барьцаад нэг удаа тэр “Камаз”-ыг барьсан чинь аймар шаварт суусан. Уг нь тэр чигээр нь дайрвал суудаггүй машин. Гэтэл би нам суулгасан. Шавраас татаж гаргах машин олдохгүй нэлээд сандарсан.
-Гэрийн тань гадаа байсан байлдааны “Камаз” таных юм уу. Тэрийг ямар зориулалтаар ашигладаг юм бэ?
-Дотроо амралтын хэрэгсэлтэй машин юм. Зун хөдөө нар салхинд гарахад гэртээ байгаа юм шиг тухтай байдаг. Дотроо хүүхдийн ор, хөргөгч, наанаа уулзалтын өрөөтэй. Оросын ийм машинууд ер нь дажгүй. Би Японд байсан хэрнээ нэг их япон машин барьдаггүй. Миний авсан машин надаас дамжаад аав, ааваас дүү нарт очдог юм. Би хүүхэд байхдаа машин эдэлнэ гэдгийг үзүүлсэн болохоор одоо нэг их хорхойсоод байдаггүй. Хүүхэд байхад 1990-ээд оны эхээр дөнгөж цол авсан байхдаа нэг хэсэг грашиндаа гурван “Бенз” тавьдаг байлаа. Хэсэгхэн хугацаанд л хүн тэгэж хорхойсдог юм байна. Одоо бол явж л байвал хамаагүй. Заримдаа Засгийн газрын машинаар хүргүүлнэ. Хааяа такси хүртэл барьдаг.
-Таксинд хамгийн сүүлд хэзээ суусан бэ?
-Миний ажлын цаг их тогтворгүй байдаг учраас жолооч ийшээ тийшээ явсан үед гараад л такси барьчихдаг. Ордноос гарахад Засгийн газрын машин байвал сууна. Байхгүй бол гар өргөөгүй байхад шахам жип, жижиг оврын машин гэлтгүй бүгд зогсдог. Хаашаа явж байна гээд л мөнгө, төгрөг авдаггүй юм. Хүмүүс тэгэж их хүндэлж байдагт талархаж явдаг. Өнгөрсөн сонгуулиар нэг хэсэг автобусанд жаахан суусан. Хүүхэд байхдаа суудаг байсан юм чинь сонгогчидтойгоо уулзаад яваах сайхан л юм билээ.
-Таны хамгийн их дурлаж авч байсан машин юу байв?
-1990 оны сүүл 2000 оны эхээр улаан хүрэн буюу “vine” өнгийн “Rolls Royce”-ын “rong” гээд уртыг нь их дурлаж авч байсан. Бөхчүүд дотор “Rolls Royce” унадаг хүн байхгүй байсан болохоор монголчууд арай өөр хэрэглээтэй хүмүүс гэдгийг харуулах гэж авсан. Тухайн үед би оюутан байсан. Манай сургуулийн өмнө минийхээс өөр “Rolls Royce” байдаггүй байлаа. Машин дотроо хөргөгч, нэттэй факсын аппараттай. Жолоочтойгоо тусгаарлагч ханатай, удирдлагаар харилцдаг байсан. Манай монголын сайд, дарга нар ирэхээр машинаараа үйлчилдэг байсан. Гишүүд чинь Кекүшюзаны машинд сууж үзье гэдэг байлаа.
-Үнийн хувьд?
-Тухайн үед намайг дэмждэг боссСэнүн гэдэг хүн байсан. Японы банкуудын дампуурлын эхийг тавьсан хүн гэдгээр нь хүмүүс сайн мэддэг юм. Тэр хүний грашинд байсан машинуудын нэг л дээ. Сэнүн босс намайг “Зүгээр ав” гэсэн юм. Миний санаа зовоод 200-300 мянган ам.доллар өгөөд авч байсан. Уг нь өөрийнх нь үнэ бараг нэг сая ам.доллар байсан. Тэр машиныг л их дурлаж авсан даа.
С.Энхзаяа
Н.Ариунаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ