
Уул уурхай, нүүрсний салбарт хөрөнгө оруулагчдын олон улсын “Coal Mongolia-2012” чуулга уулзалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Энэ өдрийн эхний хуралдаан “Коксжих нүүрс-хөрөнгө оруулалтын төслүүд, техник технологи, байгаль орчин” сэдвийн хүрээнд болох бөгөөд “Энержи ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл хурлыг удирдаж буй. Өнөөдрийн хуралдаанд олон сонирхолтой илтгэлүүд байна. Тухайлбал, Дэлхийн банкны уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төслийн зохицуулагч Б.Энхбаатар “Уул уурхайн салбарын дэд бүтцийн тулгамдсан асуудлууд”, “Седжмэн” компанийн гүйцэтгэх ерөнхий менежер Петер Лонг “Коксжих нүүрсний орчин үеийн технологи” зэрэг 10 орчим илтгэл тавигдах аж. Түүнчлэн, чуулга уулзалтад ханган нийлүүлэлт болон бусад үйлчилгээ үзүүлдэг томоохон 62 компани үзэсгэлэн гаргаж байгаа билээ. Хамгийн шилдэг үзэсгэлэн гаргасан компанийг шалгаруулах бөгөөд маш сонирхолтой үзэсгэлэн гаргасан олон арван компани байгаа аж. Тухайлбал, “Энержи ресурс”, “Монголын алт” /МАК/, “Хүннү коал”, “Аянчин”, “KPM”, “Gemcom”, “Шарын гол” зэрэг компанийн үзэсгэлэн олны анхаарлыг илүүтэй татаж байна. Уул уурхайн салбарынхан ямар нэг төлбөргүйгээр үзэсгэлэнг нээлттэй сонирхох бололцоотой аж. Чуулга уулзалт, үзэсгэлэн “SS-convention center”-д явагдаж буй юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ