
Өчигдөр ОХУ-ын гадаад хэргийн сайд Серей Лавров Сирид айлчилж тус улсын ерөнхийлөгч Башар Ассадаас гал зогсоож хямралыг намжаах талаар “амлалт” авсан билээ.
Гэвч уулзалт өндөрлөснөөс хэдхэн цагийн дараа Сирийн армийн цэргүүд Хомс хот руу ээлжит ширүүн дайралтаа эхэлсэн байна.
Их буу болон пуужингийн дайралтад өртсөн Хомс хотод 137 хүн амиа алдсан тухай мэдээлэл Сириэс ирж байна. Амиа алдагсдын дотор мэргэн буучдын суманд өртсөн 10 хүүхэд байгаа аж.
Олон улсын шинжээчид Башар Ассадыг ОХУ-ын найдварыг хөсөрдүүлж буй тухай бичиж байна. Сирийн талын тайлбараар бол Хомс хотод үүрлээд буй алан хядагчдын эсрэг ширүүн дайралт хийсэн гэнэ.
Харин үүнтэй зэрэгцэн нэгэн сонирхолтой мэдээлэл хөрш зэргэлдээ Израйль улсын хэвлэлүүдээр цацагдсан нь гадаадын тусгай хүчнийхэн Сирийн нутагт нэвтэрсэн тухай аж. Арабын лигийн орнуудын дундаас Сирид цэрэг оруулахыг хүчтэй шаардаж байсан Катар болон Их Британийн тусгай хүчний албан хаагчид оросууд Дамаскт айлчлахтай зэрэгцэн Сирийн нутагт нууцаар нэвтэрсэн гэнэ.

Үүнийг Катар болон Их Британийн талаас батлаагүй байна. Хомс хотод байдал туйлын хүнд байгаа бөгөөд хотын тал хэсгийг Засгийн газрын цэргүүд хяналтандаа аваад байгаа гэнэ. Сөрөг хүчний дайчид хяналтандаа байлгаж буй хотын дүүргүүдийг армийн анги нэгтгэлүүд зогсоо зайгүй пуужин, их буугаар буудаж байгаа аж.
Хомс хотын нэгэн эмнэлгийн эмчээс CNN агентлаг яриа авч амжсан бөгөөд эмчийн хэлснээр бол Хомс хотын бүх иргэд авралгүй болсондоо эвлэрсэн төдийгүй үхлээ хүлээж байгаа хэмээсэн байна.
АНУ, ИХ Британи, Герман улсууд НҮБ-ын Аюугүйн зөвлөлд Сирид яаралтай цэрэг оруулж мөргөлдөөнийг зогсоохыг шаардаж байна. Өчигдрийн Хомс хот руу хийсэн шиг дайралт дахин давтагдаад байвал ОХУ болон Хятадыг Аюулгүйн зөвлөл дээр дахин барууны орнуудын шахалтыг тогтоох найдваргүй болох талаар шинжээчид дүгнэж байна.

Сирийн хойд хөрш Турк улс НАТО-гийн гишүүн орон бөгөөд АНУ-тай хэлэлцэж тохи рсны дагуу Сирийн хил дээр армийн анги нэгтгэлүүдээ татан авчирчээ.
Энэ тухайгаа улсынхаа хилийг сахин хамгаалж, хямралтай буй газар нутгаас зэвсэгт этгээдүүд цөмрөхөөс сэргийлсэн хэмээн Туркийн гадаад хэргийн яам тайлбар өгсөн боловч шинжээчид үүнийг өөрөөр тайлбарлаж байна.
Хэрэв АНУ тэргүүтэй улсууд Сирид цэрэг оруулахаар болвол хамгийн түрүүнд Сирийн хойд хилээр НАТО-гийн гишүүн орнуудын цэрэг Туркийн цэргийн ангиудтай хамтаар орох болно гэдгийг тайлбарлаж байгаа юм.
Магадгүй энэ талаар өчигдөр Вашингтон хотноо айлчлаад буй Туркийн ерөнхий сайд Таип Эрдоган АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама нар хэлэлцэж тохиролцсон байх магадлалтай гэнэ.
Францын ерөнхийлөгч Николя Саркози өчигдөр нилээд жинтэй мэдэгдэл Сиритэй холбоотойгоор хийсэн бөгөөд тэрбээр “Ерөнхийлөгч Башар Ассадын дэглэм унах нь тодорхой бөгөөд ямар ч аргаар хамаагүй цаг хожсоор байгаа нь түүнд улам их аюул заналхийлэл авчирч байна, үүнийгээ тэр өөрөө ч сайн мэдэж байгаа. Башар Ассад эртхэн зугтсан нь түүнд хамгийн өлзийтэй сонголт” гэх утгатай үгс хэлсэн байна.
НҮБ-ын тэргүүн Бан Ги Мун Сирийн ерөнхийлөгчийн нэн даруй сөрөг хүчнийхэн болоод гадаад улсуудтай хэлэлцээ хийж хүчирхийлээ зогсоохыг уриаллаа.
Дарангуйлагч Муаммар Каддафиг унагасан Ливи улсын талаас ч мөн Сиритэй холбоотой мэдэгдэл гаргажээ. Триполи Дамаскт хандан хүчирхийллээ зогсоохыг уриалсан ба иргэний дайны хөлд нэрвэгдсэн Ливи улсын араас орохгүй байхыг анхааруулжээ.
О.Нар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ