Хачатуряны “Спартак” балет УДБЭТеатрын тайзнаа дахин амилна

img

Энэхүү балетын цомнолыг Рафаэлло Джовавелийн “Спартак” зохиолоос сэдэвлэн Н.Волков, А.И.Хачатурян 1954 онд хөгжмийг бичиж, балетмейстер Л.Якобсон Кировийн театрт 1956 оны 12-р сарын 27 нд анх дэглэн найруулан тоглуулж байв. А.И.Хачатурян уг “Спартак” балетын хөгжмийн зохиолоороо 1956 онд “Төрийн соёрхол” хүртэж байв. Алдарт балетмейстер Юрий Григорович Москвагийн Их театрын тайзнаа 1968 онд шинээр дэглэн найруулж, ХХ зууны шилдэг балетуудын жагсаалтад “Спартак” балетыг оруулж чадсан юм. Монгол улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын тайзнаа анх 1984 оны 5-р сарын 5 ны өдөр балетмейстер Монгол улсын Урлагийн Гавъяат Зүтгэлтэн, Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар Б.Жамъяндагва, Ардын зураач Ч.Гунгаасүх, удирдаач Төрийн шагналт, Ардын жүжигчин Ж.Чулуун нар “Спартак” балетыг бүтээж, 2 бүлэг, 9 үзэгдэлт уг бүтээлд О.Ганбаатар, О.Батсайхан, Д.Батхүрэл, С.Отгонням, Ч.Энх-Амгалан, Ю.Оюун, Ж.Цэцгээ, Х.Гэрэлчимэг, Н.Эрдэнэцэцэг нар гол дүрүүдийг бүтээж байсан. А.И.Хачатуряны “Спартак” балет нь жүжигчдээс мэргэжлийн өндөр ур чадвар, нэн ялангуяа “драматизм”-ыг нарийнаар шаарддаг, драм, бүжиг, хөгжмийн цогц бүтээл гэдгээрээ бусдаас ялгардаг балет юм. Хөгжмөөр амьдралын баяр баясгалан, хайр дурлал, дайн тэмцэл, хагацлыг хүчтэй, хурц, өнгөлөг, яруу тодоор илэрхийлдэг хөгжмийн гайхамшигт бүтээл гэж үнэлэгддэг. Соёл урлагийг дэмжих “Төгөлдөр” сангийн санхүүжилтээр УДБЭТеатрын хамт олон “Спартак” балетаа сэргээн тавьж байгааг дуулгахад таатай байна. “Спартак” балетыг МУГЖ Х.Гэрэлчимэг сэргээн тавьж, МУГЗ Н.Туулайхүү удирдаачаар, Ардын зураач Ч.Гунгаасүх зураачаар, Г.Оюун хувцасны зураачаар, дасгалжуулагч багшаар Ардын жүжигчин О.Ганбаатар, СТА Ш.Оюунтуяа, Л.Баттөр, балетын гол дүрүүдэд СТА Г.Цолмон, Б.Саруул, Ч.Ганчимэг, Т.Батчимэг, М.Од, О.Ганцоож нар ажиллаж байна.        

СЭТГЭГДЭЛ БИЧИХ