
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас жил бүр зохион байгуулдаг “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн”-ны саяхан болж өнгөрсөн билээ. Энэ үеэр хүрэлцэн ирсэн аймгуудын Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газрын хүнс, худалдаа, үйлчилгээ болон бирж хариуцсан мэргэжилтнүүдэд хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн төслийн нэгжийн захирал Л.Мөнбат “Биржийн бэлтгэл ажлын явц, орон нутгийн оролцоо” сэдвээр мэдээлэл хийжээ. Мөн орон нутагт тулгарч буй бэрхшээлүүдийн талаар чөлөөт хэлэлцүүлэг, ярилцлага зохион байгуулсан байна.
Энэхүү бирж байгуулагдсанаар орон нутгийн дэд бүтэц, банк санхүү, харилцаа холбоо, нэмэгдэж чанар нь сайжирна, мөн шинээр ажлын байрууд бий болох юм байна. Малчид, хоршоодын хувьд гэвэл үнэ ханшийн бодит мэдээлэл авах, зах зээлд нэвтрэх шинэ гарцтай болох, аж ахуйгаа төлөвлөж эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой болж, түүхий эдээ тордох, хадгалах, тээвэрлэх нийт зардлаа хэмнэх юм.
Өнөөдрийн байдлаар тус төслийн нэгжээс Улаанбаатар хот болон 11 аймагт 25 удаагийн сургалт зохион байгуулж давхардсан тоогоор нийт 21 аймгийн 3700 гаруй захиргааны ажилтан, хоршооны гишүүн болон сургагч багш нарт мэдээлэл хийгээд байгаа юм байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ