
Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт 2005 оноос эхлэн Глобаль сангийн санхүүжилт, дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, “100 хувь бэлгэвч хэрэглэх” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Үүний хүрээнд тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Корпорейт ”, “Улаанбаатар”, “Пума империал”, “Эдельвайс”, “Баянгол”, “Хаан”, “Хүннү”, “Марко поло” зэрэг нийт 37 зочид буудлын эрхлэгч, менежерүүдийг хамруулсан сургалтыг дүүргийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулжээ.
Тус сургалтаар дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн эмч нар “ХДХВ/ДОХ-ын тархалтын өнөөгийн байдал дэлхийд болон Монголд” сэдвээр мэдээлэл хийсэн байна. Мөн дүүргийн “ХДХВ/ДОХ/БЗДХ-аас сэргийлэх, тэмцэх дэд хөтөлбөр”, “ХДХВ/ДОХ/БЗДХ-аас сэргийлэх стратеги түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөө”-г танилцуулж, хөтөлбөрийн үйл ажиллагааг эрчимжүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллагын хамтран ажиллах нь чухал гэдгийг онцолжээ.
Түүнчлэн сургалтанд оролцогчид цаашид хийгдэх ажлын талаар санал солилцож, тус хөтөлбөрийн хүрээнд авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааны чиглэлээр болон зочид буудлын үйлчилгээнд дэвшилтэт технологи нэвтрүүлж буй байдал, хөгжлийн чиг хандлага тамхигүй орчин бүрдүүлж буй ажлын явцтай танилцсан байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ