
Сомали улсад үйл ажиллагаа явуулдаг Аль Шабааб террорист байгууллага Аль Каида бүлэглэлтэй нэгдэж байгаа тухай Айман Аль Завахири мэдэгдсэн байна.
Бин Ладены үхлийн дараа Аль Каида бүлгийн толгойлогчоор сонгогдон ажиллаж буй Айман Аль Завахиригийн энэ тухай мэдэгдэл Аль Шабааб бүлгийн вэбсайтад нийтлэгдсэн гэнэ.
Завахиригийн видео мэдэгдэлд дурдсанаар “Аль Каида болон Аль Шабааб бүлэглэлүүд зорилго нэгтэй учир хоорондоо уялдаа холбоотойгоор нэгдэн тэмцлээ үргэлжлүүлэх болно” хэмээсэн байна.
Мөн Ирак, Афганистан, Пакистанд явуулж буй үйл ажиллагаандаа Аль Каида бүлэг Аль Шабаабыг татан оролцуулах ажээ. Ажиглагчдын үзэж буйгаар Аль Шабааб нь хүн хүч ихтэй учраас Сомалид өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг бол Аль Каида нь ихэвчлэн өндөр нууцлалын дор алан хядах ажиллагааг төлөвлөн, санхүүжүүлж ажилладаг байгууллага юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ