
Дүрслэх урлагийн дунд сургуульд театрын тайз засал, зураасан зураг мэргэжлээр 1974-1978 онд суралцаж төгссөн “4а” ангийн төлөөлөл болсон уран бүтээлчид “Бид өнөөдөр" нэртэй анхны хамтарсан уран бүтээлийн үзэсгэлэнгээ толилууллаа. Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд өчигдөр нээлтээ хийсэн энэ үзэсгэлэнд тус ангийнхны 120 гаруй бүтээлийг дэлгэжээ.
Энэ ангиас Төрийн шагналт зураач Ц.Цэгмэд, Монголын урчуудын эвлэлийн шагналт зураач Ж.Ганхүү, Б.Насанцэнгэл, Ц.Эрдэнэцог, шинэ зууны монголын зураасан зургийн нэрт төлөөлөгч Ж.Болд, “Мандухай сэцэн хатан”, “Мөнх тэнгэрийн хүчин дор”, “Говийн зэрэглээ” гээд кино урлагийн дорвитой бүтээл бүтээлцсэн зураач Р.Төгөлдөр, “Гарьд магнай”, “Гарын таван хуруу” киноны ерөнхий зураач Д.Энхболд, олон өгүүллэг болон роман бичсэн зохиолч, зураач П.Баатарсүрэн, доктор, профессор Ц.Эрдэнэцог, монументаль урлагийн олон сайн бүтээл туурвисан зураач Д.Наранжав нар төрөн гарч бүтээлээрээ олны танил эрхмүүд болсон билээ.
Үзэсгэлэнг зохион байгуулагчид “Энэ анхны үзэсгэлэнгээр “Бид өнөөдөр” ямар уран зураг зурж, юу бүтээж байгаагаа олон түмэндээ дэлгэн үзүүлэхийг зорьсон” гэжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ