
УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдааны үеэр нэлээд маргаан дэгдээсэн нэг асуудал бол “Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангаас 2011-2015 онд авах зээлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын Ерөнхий хэлэлцээр"-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл байв.
УИХ-ын АБГББХ-ны 2011 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн хуралдаанаар урьдчилан зөвшилцсөн энэхүү төслийг Засгийн газраас энэ оны нэгдүгээр сарын 31-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлснийг АБГББХ хоёрдугаар сарын 7-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд гишүүдийн олонхийн саналаар соёрхон батлах нь зүйтэй хэмээн УИХ-д оруулсан байна.
Байнгын хороон дээр хуулийн төслийг хэлэлцүүлэхэд УИХ-ын гишүүн О.Чулуунбат, Э.Мөнх-Очир, Я.Батсуурь нар зээлийн Ерөнхий хэлэлцээрийг дэмжиж байгаагаа илэрхийлээд Засгийн газраас эхний ээлжинд БНСУ-ын Засгийн газарт албан ёсоор санал болгосон “Үндэсний оношилгоо, эмчилгээниий төв байгуулах төсөл”-өөс гадна зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх бусад төсөл тус бүрээр Тусгайлсан зээлийн хэлэлцээр байгуулахаас өмнө төслүүдийг Байнгын хорооны хуралдаанд танилцуулах үүргийг Засгийн газарт хүргүүлэх нь зүйтэй гэсэн санал гаргасан байна. Мөн УИХ-ын гишүүн Я.Батсуурь БНСУ-ын Засгийн газар “Ногоон өсөлт”-ийг дэмжиж, “Сэргээгдэх эрчим хүч”-тэй холбоотой төслүүдийг хэрэгжүүлсэн тохиолдолд илүү хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээлийн хүү байх боломжтой гэдгээ илэрхийлсэн тул энэ чиглэлийн төслүүдэд зээлийн хөрөнгийг үр ашигтай зарцуулахад анхаарах санал гаргажээ.
Байнгын хорооны санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үеэр Э.Бат-Үүл гишүүн “Хуулийн төслөөр Монголын тал нэлээд үүрэг авч байгаа, өмнөх зээлийн практикаас харахад, жишээ нь, Германы талтай нүүрс баяжуулах үйлдвэр байгуулах төсөл дээр ажилласан манай цөөнгүй компани өмгөөлөгч авах зардлыг төсөлд тусгаагүйгээс заргалдаж чадахгүй хохирч байсан.
Солонгосын талын хариуцлагагүй байдлаас болоод ямар нэг асуудал гарвал Монголын тал хохирлоо яаж төлүүлэх вэ?” гэсэн асуулт тавив. Харин энэ төслийг боловсруулахад гардан ажилласан Засгийн газрын төлөөлөгч Доржханд энэ зээлийн нөхцөл ихээхэн хөнгөлөлттэй болохыг тэмдэглээд “өнөө хүртэл ямар нэгэн маргаан гараагүй, гарсан тохиолдолд харилцан буулт хийх замаар, найрсаг байдлаар шийдвэрлэхээр тохиролцсон” хэмээн хариуллаа.
Д.Гүндалай гишүүний хувьд “Том зээл их үр өгөөжтэй байх ёстой”-г тэмдэглээд “Энд дурдсан найман жагсаалтаас хоёр нь л гайгүй юм. 300 сая ам. долларын зээлийг 30 жилийн дараа эргээд Монголын ард түмэн төлнө, Монголоор дүүрэн зах байхад бөөний худалдааны төв байгуулна гэх шиг, Үндэсний оношилгоо, эмчилгээний төв барина гэчихээд Сонгинохайрхан дүүргийн дагавар эмнэлэг байгуулна ч гэх шиг, ийм их хэмжээний зээлийг үр ашигтай хэрэгжүүлэхийн тулд үүрэг даалгаврыг нь тодорхой болгох баг гаргаж, эн түрүүнд юу хэрэгтэй гэдгийг хэлэлцэх ёстой баймаар...” хэмээн шүүмжилсэн юм. Мөн Н.Ганбямба гишүүн “Ер нь гадны гэрээгээр орж ирж байгаа мөнгө шахааны мөнгө байдаг учраас болгоомжтой хандах ёстой. Эн түрүүнд ямар салбарыг санхүүжүүлэхэд мөнгө шаардлагатай байгаа талаар дараалал гаргамаар байна. Тодорхой салбарт санхүүжилт хийх маш нарийн механизм байх ёстой. Төрийнхөө бодлогыг төслийн санхүүжилттэй нарийн уялдуулж, маш нарийн шүүлтүүрээр гаргахгүй бол болохгүй. Төсөлд хамрагдсан найман салбар төрийн бодлоготой уялдахгүй салаад явчихаар үр дүн гарахгүй” гэсэн бодолтой байгаагаа илэрхийлэв.
Я.Батсуурь, Су.Батболд нарын гишүүд ч Өмнөговийн цахилгаан станц, төрийн холбоо зэргээр жишээ аван дээрх төслийн үр шимд эргэлзэж байгаагаа хэлсэн бөгөөд “Үндэсний оношилгоо, эмчилгээний төвөөс өөр нааштай үр дүн харагдахгүй байгаа” энэ хуулийн төсөл анхандаа гишүүдийн олонхийн саналыг авч чадаагүй билээ.
Үүний дараа Я.Батсуурь нарын болон Д.Одбаяр нарын гишүүдээс өргөн мэдүүлсэн “Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай” УИХ-ын 39 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж эхэлсэн ч АН-ын бүлэг уг асуудлаас завсарлага авлаа.
Олон нийтийн анхаарлын төвд байгаа уг хуулиар УИХ-ын гишүүдийн дунд саналын зөрүү байсаар ирсэн бөгөөд энэ удаа УИХ дахь АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг хоёр бүлгээс хамтарсан ажлын хэсэг байгуулагдаад энэ асуудал дээр ажилласан ч саналын томьёолол зэрэг эцэслэн шийдвэрлэх шаардлагатай зүйл байгаа тул АН-ын бүлэг асуудлыг хэлэлцэхээс албан ёсны завсарлага авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Харин С.Бямбацогт гишүүн хоёр дахь хэлэлцүүлэг дээр дутууг гүйцээх боломжтой тул цаг хугацаа алдахгүйн тулд төслийг үргэлжлүүлэн хэлэлцэх санал гаргасан ч хуралдаан даргалагч УИХ-ын дэд дарга Н.Энхболд АН-ын завсарлага авах хүсэлтийг ёсоор болголоо.
Энэ асуудлыг хойшлуулсны дараа Монгол Улсын Засгийн газар, Олон Улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан "Тогтвортой амьжиргаа-II төслийн нэмэлт санхүүжилтийн хэлэлцээр"-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг эхэллээ. Тухайн асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва саналаа илэрхийлэхдээ ойн сан хамрөг, усны нөөцийг хямгадах, цөлжилтөөс хамгаалах асуудал зөвхөн Монголын асуудал биш болсон тул Тогтвортой амьжиргаа төслийг дэлхий нийтийн хамгийн том тулгамдсан асуудал болох байгаль орчны асуудалд чиглүүлэхийн чухлыг онцолсон юм. Санхүүжилтийн эх үүсвэртэй холбогдуулан тэрбээр “УИХ-ын гишүүд өнөөдөр БНСУ-аас авах Зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөлд тун хариуцлагагүй хандсан, нэг хүний бизнесийн тулд зээл оруулж ирээд байна гэсэн хардлагаас болоод уг хуулийг дэмжээгүй. Тухайн үеийн нөхцөл байдлаас үүдсэн зарим саад бэрхшээл нь Солонгостой харилцах бүх талын харилцаанд өгөх үнэлэлт биш, “8 жагсаалт эргэлзээ төрүүлж байна” гэсэн хүний амаар орж, нөхцөл сайтай ийм зээлээс татгалзан, цаана нь хэн нэгний ашиг сонирхол байна гэж хардсанаар хариуцлагагүй шийдвэр гаргасан, одоо энэ асуудлыг дахиж оруулж ирэх үү, яах вэ?” гэсэн асуулт тавив. Ц.Нямдорж гишүүн ч түүнийг дэмжиж “Энэ асуудлаар дахин санал хураагаач ээ, ирц муутай байхад санал хурааж, Ерөнхий сайд, Эрүүл мэндийн сайд нь гарын үсэг зурж, Байнгын хороодоор хэлэлцсэн асуудлыг ингэж унгаж болохгүй, хамтарсан Засгийн газраас нэгдмэл байр суурьтайгаар өргөн мэдүүлсэн төсөл юм шүү, улс хоорондын харилцаанд ингэж сэв суулгаж болохгүй” хэмээн анхааруулсан юм.
УИХ-ын дэд дарга Н.Энхболд УИХ-ын дэгийн тухай хуулийг зөрчихгүйгээр энэ асуудлыг хэрхэн шийдэх талаар УИХ-ын Тамгын газрын ажилтнууд болон гишүүдтэйгээ зөвлөлдсөний эцэст “Түрүүчийнхээ саналыг хүчингүй болгоё” гэсэн Ц.Нямдорж гишүүний горимын саналаар санал хураахад гишүүдийн 80,5 хувь нь дэмжсэний дараа “Дээрх хуулийн төслийг соёрхон батлахыг дэмжье” гэсэн томьёоллоор дахин санал хурааснаар гишүүдийн 82,9 хувийн саналаар Зээлийн ерөнхий хэлэлцээрийн тухай хууль батлагдлаа.
Үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар мөн гадны санхүүжилттэй холбоотой хоёр ч хуулийн төсөл баталсны нэг нь “Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан "Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр"-ийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай, нөгөөдөх нь "Азид хамтран ажиллах, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын Нарийн бичгийн дарга нарын газар, түүний ажилтан, гишүүн улсуудын төлөөлөгчдийн эрх яамба, дархан эрхийн тухай конвенц"-ийг соёрхон батлах тухай хуулийн төслүүд байсан юм.\
С.Заяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ