
УИХ-ын дэд дарга Н.Энхболд Төв аймгийн Өндөрширээт суманд болсон “ Сумын хөгжилд малчдын хамтын зүтгэл” II зөвлөгөөнд оролцлоо. Өндөрширээт сумын малчдын зөвлөгөөнийг өнгөрсөн оноос эхлэн хийж сумын удирдлага, аймаг орон нутаг, төрийн захиргааны төв байгууллагын төлөөлөгчид малчдад тулгамдсан асуудлыг шийдэх хамтран ажиллах арга замуудын талаар хэлэлцдэг юм байна. Зөвлөгөөнд ХХААЯ, Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэн, Монголын Хоршооллын Үндэсний Нэгдсэн Холбоо, Төв аймгийн Эрүүл мэндийн газрын албаны хүмүүс оролцож төрөөс мал аж ахуйг хөгжүүлэх, малчдыг дэмжих талаар авч байгаа арга хэмжээний талаар мэдээлэл өгч сонирхсон асуултуудад хариуллаа.
УИХ-ын дэд дарга Н.Энхболд “Өнгөрсөн жилүүдэд УИХ, Засгийн газраас “Малчдын талаар төрөөс баримтлах бодлого”, “Монгол мал” хөтөлбөр, “Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний биржийн тухай хууль” зэрэг малчдыг дэмжих томоохон хэд хэдэн арга хэмжээг авч хөрөнгө санхүүжилтыг нь шийдвэрлэсэн байгаа. Энэ бодлого амжилттай хэрэгжих гол зангилаа нь хоршоо юм” хэмээн онцолж байлаа. Монгол Улсын санаачлагаар 2012 оныг НҮБ-аас “ Олон улсын хоршооллын жил” болгон зарласан билээ. Монгол Улсын Засгийн Газраас энэ санаачлагын хүрээнд Хоршооны хөгжлийг дэмжих чиглэлээр ажиллах юм байна.
Малчид хоршин ажиллах талаар сүүлийн жилүүдэд эерэг ойлголттой болж , “ Малчин-хоршоо-үйлдвэрлэл” гэсэн эргэлтийг бий болгон сумандаа загвар хоршоог байгуулах, хадлан тэжээл бэлтгэх, сүүн бүтээгдэхүүн, малын гаралтай түүхий эдийг борлуулах, боловсруулах чиглэлээр хамтрах сонирхолтой байгаа нь уулзалтын үеэр харагдаж байлаа. Өндөрширээт сум сүү сүүн бүтээгдэхүүнээ брэнд болгох зорилготой байгаа бөгөөд сумандаа Сүү хөтөлбөр хэрэгжүүлэхээр ярилцлаа. Тус сум 378 малчин өрхтэй, зуун жар орчим мянган толгой малтай юм байна.
С.Заяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ