
УИХ-ын гишүүн Я.Батсуурь, П.Алтангэрэл, Б.Батбаяр, Н.Ганбямба, Д.Дондог нарын санаачилсан “Төрийн өмчийг 2010-2012 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өргөн барилаа.
Өнөөдөр хувьцаат компаниудын үнэт цаасыг тодорхой шалгуурын дагуу бүртгэн авч, ангилал тогтоох, техник, программ хангамжийн найдвартай байдлыг хангасны үндсэн дээр үнэт цаасны арилжааны бэлэн байдлыг бүрдүүлэн, арилжааг ил тод, шударга явуулах, олон нийтийг үнэт цаасны арилжааны мэдээллээр хангаж, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах талаар төрийн бодлогыг үе шаттайгаар хэрэгжүүлэх ажил эрчимтэй явагдаж байна.
Түүнчлэн төрийн өмчийн компаниудын хувьцааг Монголын хөрөнгийн биржээр арилжиж, хувьчилснаар Монголын сангүүгийн салбарт орлогын шинэ эх үүсвэрүүдийг бий болгоход хөшүүрэг болно хэмээн тогтоолын төслийг өргөн барьсан гишүүд хэлсэн юм.
Мөн УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд Монгол Улсын Засгийн газар, Австри Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлуулах тухай хуулийн төслийг Сангийн сайд Д.Хаянхярваа өргөн барилаа.
Энэхүү хамтын ажиллагааны хэлэлцээр нь хоёр жилийн хугацаанд хүчинтэй бөгөөд БНАУ-ын Засгийн газраас 40 сая хүртэлх еврогийн нөхцөлт хөнгөлөлттэй зээлийг дэд бүтэц, төмөр зам, боловсрол, мэргэжлийн сургалт, нийгмийн хамгааллын салбарт болон орон нутагт ус, эрүүл ахуй, хог хаягдал, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад олгох юм байна.
С.Заяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ