
Ливийн удирдагч агсан Муаммар Каддафийн хүү Саади Каддафи Нигерт баривчлагдсан тухай Ливийн шилжилтийн түр засгийн газраас мэдээлжээ.
Саади Каддафи өнгөрсөн өдрүүдэд нэгэн мэдэгдэл хийсэн бөгөөд үүнд нь Ливийн шинэ засгийн газрын эсрэг бослого гаргаж улс орноо буцаан авах мөчийг тэсэн ядан хүлээж байна гэсэн утгатай үгс байжээ.
Мөн Триполи, Бенгази төдийгүй Ливийн өнцөг булан бүрт түүний эцгийн үнэнч дэмжигчид байсаар байгаа бөгөөд тэд нь цаг ирэхэд бүгд зэвсэг барин тэмцэх болно хэмээжээ.
Саади Каддафигийн энэхүү мэдэгдлийнх нь дараа түүнийг баривчилсан гэнэ. Нигерт орогнож буй Каддафигийн хүүг амьдарч буй байшингийнх нь хонгилоос олж баривчилсан байна.
Ливийн шилжилтийн түр засгийн газраас мэдэгдэж буйгаар бол Саади Каддафиг үймээн самуунд турхирсан мэдэгдэл хийснийх нь төлөө Нигерийн засгийн газраас баривчилсан гэнэ.
Тун удахгүй Ливийн талд шилжүүлэх тухай ч мэдэгджээ. Харин энэхүү мэдээллүүдийг Нигерийн засгийн газраас баталгаажуулаагүй байна.
О.Нар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ