Монгол ноходын цугларалт боллоо
“Монгол нохой 2012” улсын уралдаан энэ сарын 11-нд хоёр дахь удаагаа боллоо. Энэ нь монгол ноходын үүлдэр угсааг сайжруулах, олшруулах танин мэдүүлэх зорилготой юм. Уралдаанд Орхон, Дорноговь аймгуудаас нохой сонирхогчид ирж, нийт 60 гаруй нохой өрсөлдсөн юм. Монгол нохой бусад үүлдэрийн нохдоос олон талын өвөрмөц онцлогтой, бие даасан үүлдэрийн нэг болсон гэдгийг шүүгчид хэлж байлаа. -Тэмцээний шүүгч О.Говилхасүрэнгээс ноходыг хооронд нь хэрхэн уралдуулахыг тодрууллаа. - Ноходыг хооронд нь зодолдуулж өрсөлдүүлнэ гэж зарим хүмүүс ойлгосон байна лээ. Тийм зүйл байхгүй ээ. Монгол нохойд байх ёстой шинж чанар байгааг нь харж жинхэнэ Монгол нохойг шалгаруулах юм. Монгол нохой Энэтхэгийн хар чононоос гаралтай, төвдийн том биет сахлаг үстэй нохойн төрөл. Монгол нохойн шинж гэвэл зүрх цагаан, хар, дөрвөн нүдтэй, хар халтар зүстэй, хоншоор банхгар, толгой зантгар том,гавлаар өргөн дух хавтгай, богино хүзүүтэй, ам томтой хэрнээ завж бага зэрэг унжсан, зуувандуу зөөлөн дөлгөөн харцтай, бор шаргал нүдтэй гэх зэрэг шинжтэй байдаг байна. Эртнээс малчдын үнэнч анд байсан юм. 1990-ээд оноос өмнө айл бүр л Монгол нохойтой байсан бол одоо цөөрөөд байна. Тийм учраас Орос овчерк, Герман немц овчерк, гэх мэт өөрийн орны цаг уур, иргэдийн зан араншид тохирсон ноход байдаг. Бид тэдэн шиг л Монгол нохойныхоо онцлогийг л дөвийлгөх гэж байгаа хэрэг юм л даа.

Н.Ариунаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ