
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хурал завсараллаа. Намрын чуулган маргааш завсарлах болсонтой холбоотойгоор тус намын бүлэг хэлэлцэж хараахан амжаагүй байгаа олон асуудлуудаас нэн даруй хэлэлцэх шаардлагатай гэж үзсэн зургаан асуудлаар өнөөдөр хуралдсан байна.
Бүлгийн ахлагч Ч.Сайханбилэгийн мэдээлснээр Тавантолгойн талаархи УИХ-ын 39 дүгээр тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг бүлгийн хурлын эхэнд хэлэлцсэн ажээ. Тэрбээр “УИХ-ын гишүүн Я.Батсуурь, Д.Одбаяр нарын өргөн барьсан уг хуулийн төсөл дээр ажиллах АН-ын бүлгийн ажлын хэсгийн дүгнэлт хараахан гараагүй байгаа. Уг хуулийн төслийн талаар Монгол Улсын 2.7 сая иргэнд Засгийн газартаа хувьцаагаа зарж борлуулах боломж УИХ л шийдвэрээ гаргачихвал байгаа мэтээр Засгийн газрын сайд Ч.Хүрэлбаатар хэвлэлд мэдээлэл өгсөн байсан.
Манай намын бүлэг Ч.Хүрэлбаатарыг хариуцлагагүй мэдэгдэл хийсэн гэж үзэж байна. 2012 оны улсын төсөвт тэр 2.8 их наяд төгрөг тусгагдаагүй. Манай намын бүлэг иргэддээ Тавантолгойн хувьцааниас дахин 10 хувийг нэмж олгох нь зүйтэй гэсэн хатуу байр суурин дээрээ байгаа” гэв.
Бүлгийн хуралдаанаар үүний дараа УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан болон З.Энхболд нарын өргөн барьсан Орон нутгийн сонгуулийн хууль ажээ. УИХ дахь Ардчилсан намын хувьд УИХ-ын сонгууль Орон нутгийн сонгуулийг нэг өдөр, нэгэн зэрэг явуулах нь зүйтэй хэмээн үзэж байгаа билээ.
Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар тус намын бүлэг Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ, Орон нутгийн сонгуулийг хамтатган явуулахад боломж байгаа эсэх талаар мэдээлэл сонсох байсан боловч Сонгуулийн ерөнхий хорооныхон уг асуудлаар хуралдаж буй гэсэн албан ёсны хариулт өгсөн тул энэ асуудлыг хойшлуулжээ.
Харин иргэдийн анхаарлыг ихээр татаж байгаа Иргэний нийгмийн даатгал, 1995 оноос өмнө тэтгэврийн зөрүү, Боловрсролын тухай хуульд нэмэлт өөрчөллт оруулах зэрэг хуулийн төсөл дээр саналын зөрүү байхгүй тул УИХ-ын чуулганаар хэлэлцүүлж, төсвийн тодотголд тусгуулна гэсэн юм.
С.Заяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ