
Африкийн үндэстнүүдийн цомын аварга шалгаруулах тэмцээн Замби улсын шигшээ баг аваргалснаар өндөрлөлөө.
Суданыг 3:0, Гана улсын шигшээг 1:0-ээр хожиж аваргын төлөөх тэмцэлд Зааны Ясан эргийн хүчирхэг шигшээтэй үлдсэн Замби улсын шигшээ өчигдөр пеналтаас аваргын цомыг авлаа.
Тоглолтын цаг 0:0-ийн харьцаагаар дуусаны дараа пенальт цохиж эхэлсэн. Улмаар хоёр багийн эхний долоон цохилт хаалганд амжилттай орсны дараа Замбигийн Калаба алдаж Зааны Ясан эргийн багт боломж ирсэн юм.
Гэвч Манчестер Сити клубт тоглодог Яя Турегийн дүү Коле Туре мөн л алдаж цохин найдварыг үгүй хийсэн.
Үүний дараа Арсеналд тоглодог Жервиньогийн цохилтыг хаалгач хааснаар Замбигийн шигшээгийн тоглогч Стофира Сунзу цохилтоо амжилттай гүйцэтгэснээр Замби улсын шигшээ баг түүхэндээ анх удаа Африкийн аваргаар шалгарлаа.

Гол тоглогчид нь бүгд шахуу Премьер Лигт тоглодог хүчирхэг бүрэлдэхүүнтэй Зааны Ясан эргийн шигшээ аваргын төлөө замдаа таарсан бүх багуудыг арчсаар гарч ирсэн хэдий ч эцсийн мөчид бүдэрч орхилоо.
Тоглолтын ур чадвар болон статистик үзүүлэлтээс харахад Зааны Ясан эргийн шигшээгийн хаана нь ч хүрэхгүй хэмээн мэргэжилтнүүд тооцоолж байсан хэдий ч хамгаалалтын шугамаа сайтар бэхэлж, үе үе авьяаслаг тоглогчдынхоо ачаар ширүүн довтолгоог өрнүүлж чадсанаар бөмбөг бөөрөнхийгийн онол Замбигийн шигшээд туслалаа.

Тэд аварга болсноор тун удахгүй Замби улсын залуу тоглогчдоос евродын алдартай лигүүдээс урилга ирэх боломжийг нээлээ гэж болно. Үндэстнүүдийн цомд сүүлийн гурван аваргыг дараалан хүртсэн Египетийн шигшээ шөвгийн наймд ч үлдэж чадалгүй бүдэрсэн.
Ирэх жилийн Африкийн цомын аварга ӨАБНУ-д зохион байгуулагдах болно.
О.Нар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ