
Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан боллоо. Уг хуралдааны эхэнд Монгол Улсын Засгийн газар Олон улсын хөгжлийн ассоциацийн хооронд байгуулах Улаанбаатар хотын цэвэр агаар төслийн санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг хэлэлцсэн юм.
Санхүүжилтийн хэлэлцээрийн хүрээнд 15 сая ам.долларыг 25 жилийн хугацаатай, жилийн 1.25 хувийн хүүтэйгээр авах аж. Энэ нь хөнгөлөлттэй зээлд хамаарна. Түүгээр Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр төсөл хэрэгжүүлэх болж буй юм.Ингэхдээ Мянганы сорилтын сангаас хэрэгжүүлж буй утаагүй зуух төсөл дууссаны дараагаар дээрх төслийг хэрэгжүүлэх юм байна. Уг асуудлыг гишүүд дэмжиж, дараагийн хэлэлцүүлэгт шилжүүлэхээр боллоо. Үүний дараа
Монгол Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах тэрбум 550 сая иен буюу 20 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн асуудлыг хэлэлцсэн юм. Энэхүү "Нийгмийн салбарыг дэмжих хөтөлбөрийн хоёр дахь шатны зээлийн хэлэлцээр"-ийн төслийг Ерөнхий сайд Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн хүрээнд тус улсад айлчлах үеэрээ соёрхон батлах ажээ.
Иймээс хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Н.Батбаяр нарын зарим гишүүн 20-хон сая ам.долларын зээлийн гэрээнд Монгол Улсын Ерөнхий сайд гарын үсэг зурж, түүнийг нь УИХ-аар яримааргүй байна. Харин Ерөнхий сайд Японд очихдоо Хөшигтийн хөндийд барихаар тохиролцсон 400 сая ам.долларын олон улсын нисэх онгоцны буудлыг эцсийн байдлаар тохирч ирэх хэрэгтэй гэсэн юм.
Үүнд, Сангийн сайд Д.Хаянхярваа “Олон улсын нисэх онгоцны буудлын хөөрөх, буух зурвасын тендэр явагдаж байна. Мөн хурдны зам, үерийн ус зайлуулах сувгийн тендэр хийгдээд байгаа. Ерөнхий сайдын айлчлалын үеэр энэ асуудлыг шийдвэрлэх тухай Засгийн газрын хуралдаанд танилцуулъя гэсэн юм.
Ийм байдлаар байнгын хорооны хуралдаан үргэлжилж, гишүүд уг зээлийг дэмжиж, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд санал, дүгнэлтээ хүргүүлэхээр боллоо. Харин одоо байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын 39-р тогтоолын төслийг хэлэлцэж байна.
С.Заяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ